images

Монгол-Чехийн харилцаа тасралтгүй хөгжлийн илрэл: Иж бүрэн түншлэл

Элчин сайдын ярилцлага

2025-12-26

23

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүхтэй ярилцлаа.
 
-Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 75 жил өнгөрсөн байна. Манай улстай дипломат харилцаа тогтоосон Европын анхны орнуудын нэг бол тухайн үеийн Чехословак буюу өнөөгийн Чех. Та хоёр орны харилцааны өрнөл, хөгжлийн он жилүүдээс ямар цаг үеийг онцлох вэ? 
-Манай хоёр улс 1950 онд дипломат харилцаа тогтоож, 1953 онд анхны Элчин сайд нараа харилцан томилж, 1956 онд Улаанбаатар, Прага хотуудад ЭСЯ-даа нээсэн түүхтэй. 1960-1990 онд хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, Чехословакийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр манай улсад олон арван бүтээн байгуулалт бий болж, олон мянган залуус сурч, дадлагажиж, мэргэшсэн. Чехословак улс нь Улаанбаатар хотод гутлын үйлдвэр, хонь, ямааны арьс боловсруулах үйлдвэр, бодын шир боловсруулах хромын үйлдвэр, нэгдүгээр эмнэлэг, Дархан хотод цементийн завод, Баян-Өлгий аймагт дулааны цахилгаан станц зэрэг аж үйлдвэрийн газруудыг барьж байгуулж, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхэд дорвитой дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал, тус улсын тусламжаар баригдсан Савхин гутлын үйлдвэр 1982 онд ашиглалтад оржээ. Тус үйлдвэрийн үйл ажиллагааны 70 орчим хувь нь механикжсан, жилдээ 3.5 сая хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай байсан байна. Эсгүүрийн цех 190 орчим, оёдлын цех 400 гаруй ажилчинтай байжээ. 
 
Ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн замд орсон хоёр орон 1990 оноос хойш сорилт бэрхшээлийг хамтдаа туулж, өмнө бий болгосон ололт амжилтдаа тулгуурлан харилцан ашигтай хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж байна. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирсний тод илрэл нь дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойгоор манай хоёр улс Иж бүрэн түншлэлийн харилцаатай болсон явдал юм.
 
Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэв
 
-Чех бол Төв Европ дахь Монгол Улсын хамгийн найрсаг харилцаатай орнуудын нэг. Уламжлалт найрсаг харилцаанаас гадна энэ цаг үед ч монголчууд олноороо ажиллаж амьдардаг, суралцдаг, тэр хэрээрээ хоёр талын харилцаа идэвхтэй өрнөдөг. Энэ оронд Элчин сайдаар ажилладаг хүний хувьд Та уламжлалт хамтын ажиллагаанаас өнөөгийн харилцаанд  хадгалагдаж үлдсэн, бас цаашид хадгалагдах ёстой хамгийн гол үнэт зүйлүүдийг нэрлэнэ үү?
 
-Хоёр орон, ард түмнүүдийн хооронд тогтсон харилцан итгэлцэл бол чухал үнэт зүйлсийн нэг гэж бодогддог. Олон мянган монгол хүн энэ сайхан оронд суралцаж, мэргэжил эзэмшсэн байдаг. Өдгөө Европын улсуудад аж төрж, хөдөлмөрлөж, сурч боловсорч байгаа манай иргэдээс Чех улсад хамгийн олноороо байна. Чех улсын Ерөнхийлөгч П.Павел “Монгол Улс газар зүйн хувьд Чехээс алс хол оршдог ч бидэнд олон нийтлэг зүйл бий. 75 жилийн турш бид найрсаг, нээлттэй харилцааг хадгалж ирсэн нь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг бий болгож байна" гэж хэвлэлийн бага хурал дээр хэлсэн нь үүнийг илтгэж буй хэрэг юм.  
 

Элчин сайд Д.Гансүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч П.Павелын хамт
 
-Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнөөдөр улс төр, нийгэм, эдийн засаг гэх мэт бүх түвшинд хөгжиж байгаа гэж болно. 2025 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр хоёр орны харилцааны түвшинг Иж бүрэн түншлэлд хүргэсэн. Айлчлал болон Иж бүрэн түншлэлийн ач холбогдлыг Та тодруулж өгнө үү?
 
-Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 3 дугаар сард БНЧУ-д төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцаа "Иж бүрэн түншлэл"-ийн түвшинд хүрсэн нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээсэн. Ийнхүү Монгол Улсын хувьд Чех улс нь түншлэлийн харилцаа тогтоосон Европын Холбооны 2 дахь улс болсон.
 
Чех улсыг бид “гуравдагч хөрш”, Европ дахь чухал түншээ хэмээн үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьдог.    
 
2025 оны 3 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЧУ-д төрийн айлчлал хийж, энэ үеэр 2 орны харилцааг "Иж бүрэн түншлэл"-ийн түвшинд хүргэв
 
Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлд хүргэснээр худалдаа, эдийн засгийн харилцаа, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, ногоон технологи нэвтрүүлэх, нутагшуулах, уул уурхай, геологийн судалгааг хамтран хийх, “Хархорум”, “Шинэ Зуунмод” хот зэрэг бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүдийг хамтран гүйцэтгэх, эрчим хүч, усны менежмент, батлан хамгаалах, ойжуулалт, цөлжилттэй тэмцэх зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны хөгжлийн зорилтуудыг хангах боломж бүрдэж буй юм. 
 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЧУл-д хийсэн  төрийн айлчлал хүрээнд “Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглал”-д монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, чехийн талаас Гадаад хэргийн сайд Ян Липавский нар зурлаа
 
-Чехийн талаас ойрын жилүүдэд Монгол Улс руу өндөр дээд түвшний айлчлал хэрэгжих төлөв байна уу? Бидний санаж байгаагаар хамгийн сүүлд 2006 онд Чехийн Ерөнхийлөгч Вацлав Клаус Монголд айлчилсан. Өнөөдрийн Ерөнхийлөгч П.Павелыг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга байхдаа тахийг цэргийн онгоцоор тээвэрлэхэд дэмжлэг үзүүлж байсан гэж сонсож байсан...
 
-Гадаад харилцаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, тэдгээрийн давтамж нэн чухал байдаг.  2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Ерөнхийлөгч Вацлав Клаус манай улсад айлчилсан. Сонирхуулахад түүний бичсэн “Супермаркетаас ч илүүг хүссэн юмсан” ном монгол хэлээр гарсан. 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч Милош Земан оролцсон. Түүнтэй уулзахад Монголд очсоноо, бэлгэнд авсан морины тухай ихэд дурсан ярьдаг.
 
2011 онд Прага хотын Амьтны хүрээлэнгээс Хомын талд авчирсан 4 тахийг онгоцоор тээвэрлэсэн. Гэвч тахийг зөвхөн том онгоцоор тээвэрлэх л боломжтой байсныг Амьтны хүрээлэнгийн захирал асан М.Бобек дурсан ярьдаг. Ингээд тэрбээр Чехийн Зэвсэгт хүчний жанжин штабдаа хандаж, цэргийн CASA гэх тээвэрлэгч онгоцыг ашиглах хүсэлт тавьжээ. Тэр үед одоогийн Ерөнхийлөгч П.Павел Чехийн ЗХЖШ-ын даргын албыг хашиж байсан. Түүнээс хойш 7 удаагийн тээвэрлэлтийг цэргийн CASA тээвэрлэгч онгоцоор амжилттай үйлдсэн.  
 
БНЧУ-ын Ерөнхийлөгч П.Павел Прагийн Амьтны хүрээлэн дэх "Говь" үзэсгэлэнгийн нээлтэд оролцов
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх П.Павел Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа эх орондоо айлчлан ирэхийг урьсан. Би нэг удаа П.Павел Ерөнхийлөгчид тахь тээвэрлэсэнтэй холбоотой түүхийг дурсахад, “Тийм ээ, миний найз надад Монголын уудам талын тухай ярьж өгсөн шүү” гэж байсан. Одоогоос жилийн өмнө Прагийн Амьтны хүрээлэн дэх тахийн саравчийг шинэчилж, “Баян заг”-ийн загвараар орчин бий болгож, чулуун овоо, музей, үзмэр бүхий байнгын үзүүлэн гаргасан. Түүний нээлтэд П.Павел Ерөнхийлөгч оролцож байсан. 
 
-Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн, геологи хайгуулын олон ажлыг хийж эрдэс баялгийн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах замыг тавьсан, монгол тахийг эх оронд нь буцааж нутагшуулж байгаа, үйлдвэр аж ахуйн газрууд байгуулж өгсөн гэх мэт чехүүдийн Монголын нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмэр их байдаг. Одоо үед энэ мэт тоочиж онцлохоор ямар амжилтууд хоёр талдаа байна вэ?
-Чехословак улс манай улсын хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэсэн талаар би өмнө товч дурдсан. Ер нь 1990 оноос өмнө хөрөнгө оруулалт, худалдааны хэмжээгээрээ ЗХУ-ын дараа 2 дугаарт ордог байсан.
 
Ардчилал, шинэчлэл, нийгмийн байгууллын өөрчлөлт шилжилтийн дараа хоёр улсын нийгэм, эдийн засаг хүндхэн байсан ч Чех улс хуучин социалист орнуудаас хамгийн түрүүнд манай улсыг хөгжлийн тусламжийн жагсаалтдаа оруулсан. 1996-2017 оны хооронд олгосон 50 гаруй сая ам. долларын тусламжийг нэн хэрэгцээтэй салбар, чиглэлд зориулсан. Тухайлбал, 4 дүгээр ЦС-ын хөдөлгүүр, удирдлагыг автоматжуулах, Эрдэнэт, Мөрөн, Мандалговь хотуудын усны хангамжийг шийдвэрлэх, сайжруулах, Харгиа НӨҮГ-ын урьдчилан цэвэрлэх байгууламжийн химийн хорт лагийг зөөвөрлөж, булшлах, малыг бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх зэрэг олон арван ажлыг хийж гүйцэтгэсэн.
 
Прагийн Амьтны хүрээлэнд
 
Мөн Таны дурдсан тахийг эх нутагт нь буцаан нутагшуулах хөтөлбөр бол манай хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц төсөл. Прагийн Амьтны хүрээлэн 1959 оноос хойш тахийн генийн бүртгэлийг хөтөлж, дэлхийн тахь судлалд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
 
Одоо тахийг Монголын зүүн талд Нөмрөгийн дархан цаазат газрын орчим нутагшуулахаар хоёр тал ажиллаж байна. Бид энэхүү хамтын ажиллагааны ололт амжилт, туршлагадаа тулгуурлан нэн ховор амьтад тухайлбал, мазаалай, хавтгайг хамгаалах, тоо толгойг нь нэмэгдүүлэх чиглэлээр мөн хамтран ажиллаж эхлээд байна. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид Прагийн Амьтны хүрээлэнд зочлов
 
-Монгол, Чехийн хооронд хэрэгжиж буй томоохон төслүүд гэвэл Та ямар төслүүдийг дурдах вэ?
-Юуны түрүүнд Чехийн “Финеп холдинг” компанийн Эрдэнэт хотод хэрэгжүүлж буй “Евро Эко Төгөл” барилгын төслийг дурдахыг хүсч байна. 2013 оноос эхэлсэн тус төслийн хүрээнд Европын стандартаар 1200 айлын орон сууц ашиглалтад ороод байгаа бол цаашид 2030 оныг хүртэлх хугацаанд дахин 900 орон сууц барихаар ажиллаж байна. “Финеп холдинг” нь Чехийн барилгын салбарт эхний гуравт багтдаг том компани. Магадгүй Улаанбаатар хотоос бусад хот, орон нутагт Европын стандарт, шаардлагын дагуу баригдаж байгаа цөөхөн барилгуудын нэг нь энэхүү “Евро Эко Төгөл” хотхон болж буй. Мөн бохир ус цэвэршүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Чехийн “Хаанзаа” компани нь манай улсад 20 орчим жилийн хугацаанд 200 орчим төсөлд оролцсоны дотор Оюу Толгойн уурхай, Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалтай хамтран ажиллаж байна. 
 
Ташрамд тэмдэглэхэд, Эрдэнэт хотод сард 6,000 литр шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр чехийн хөрөнгө оруулалт, технологиор байгуулагдсан. Тус үйлдвэр шар айргийн түүхий эдээ чехээс шууд авч байна.
 
-Ер нь хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд сүүлийн үед ямар шинэ чиг хандлагууд гарч байна вэ? 
-Манай хоёр орны улс төрийн харилцаа дээд, өндөр гээд бүхий л түвшинд төлөвшсөн. Хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Парламентын гишүүдийн харилцан айлчлал тогтмолжсон. Талууд айлчлахдаа бизнесийн төлөөлөгчдийг дагуулж явдаг нь үр ашигтай арга хэмжээ юм.   
 
Худалдаа, эдийн засгийн хувьд, тусламжаас харилцан ашигтай хамтын ажиллагаа руу, хувийн хэвшилд суурилсан харилцаа руу шилжсэн. Энэ оны 3 дугаар сард болсон бизнес форумын үеэр хоёр талын хувийн хэвшлийнхэн нийт 6.3 сая ам. долларын дүнтэй хамтын ажиллагааны гэрээ, хэлцэл байгуулж, ИНЕГ, Чехийн “Транскон электрон систем” компанитай 100 сая еврогийн хамтын ажиллагааг эхлүүлж байна. 
 
-Худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал ямар түвшинд байгааг бас сонирхож байна. Монголын бизнес эрхлэгчид Чехийн зах зээлийг хэр сонирхож байна вэ?
-Хоёр улсын худалдааны эргэлт жил бүр өсч, хоёр талын бизнес эрхлэгчдийн хэлхээ, холбоо идэвхжиж байна. Харин хоёр талын худалдаанд эзлэх манай экспортын хэмжээ чамлалттай. Бизнес эрхлэгчид хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, бизнесийн харилцагч, хамтрагчаа олох, шинэ мэдээлэл, туршлагаа солилцох зорилгоор хоёр улсын бизнес эрхлэгчдийн форумыг жил бүр зохион байгуулж байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр Прага хотноо болсон бизнес форум
 
Энэ жил Прага хотноо 3 дугаар сард болсон форумд манай талаас 100 гаруй, чехийн талаас 70 гаруй гаруй бизнес эрхлэгчид оролцсон нь урьд өмнө болж байгаагүй хоёр улсын хоорондох хамгийн том бизнес форум болсон. Мөн сүүлийн 2 жил манай улсад айлчилсан чехийн бизнесийн төлөөлөгчид Архангай, Дорноговь зэрэг орон нутгуудад ажиллаж, орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байгаа нь манай орон нутгийн бизнес эрхлэгчдэд чехийн бизнес эрхлэгчидтэй шууд харилцах боломжийг олгож байна. Чех улсад манай 400 гаруй иргэн, аж ахуй нэгж бизнес эрхэлдэг.
 
Манай бизнес эрхлэгчдийн хувьд Европын Холбооны хууль, тогтоомж, стандартын шаардлагыг хангаж Европын зах зээлд гарахад бэрхшээлтэй тулгардаг. Гэвч бэрхшээлийг хувийн хэвшлийнхний тууштай хамтын ажиллагааны үр дүнд даван гарах боломж, бололцоо бий.  Үүнтэй холбоотойгоор манай бизнес эрхлэгчид Европын Холбооны GSP+ хөтөлбөрийн хүрээнд 7200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаалийн татваргүй гаргах таатай нөхцөлийг судалж, бүрэн ашиглахыг зорих нь зүйтэй. 
 
-Нөгөө талаараа Чехийн талаас Монголд оруулж буй хөрөнгө оруулалт, ашиг сонирхол нь аль салбарт илүү төвлөрч байна вэ? 
-Манай хоёр улсын хувьд уул уурхай, ашигт малтмал, дэд бүтэц, аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, барилгын салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж байсан уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр зохион байгуулсан хоёр улсын бизнес эрхлэгчдийн форумд Монгол Улсын Төрийн тэргүүн эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхэд өндөр аж үйлдвэржсэн чехийн талтай хамтран ажиллаж, чехийн бизнес эрхлэгчдийн мэдлэг, туршлага, дэвшилтэт техник технологи, инновац, хөрөнгө оруулалтыг татах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн. Чехийн тал ч дээрх салбаруудад өөрсдийн дэвшилтэт техник технологи, ноу-хау, инновацыг нутагшуулж, хоёр улсын бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа нотолсон.
 
-Хоёр талын хамтын ажиллагааны хамгийн ирээдүйтэй, боломжтой салбаруудыг нэрлэнэ үү? 
-Монголчууд бид олон жилийн өмнөөс л чехийн бүтээгдэхүүнтэй танилцаж, хэрэглэж ирсэн. Жишээлбэл, шкода машин, кароса автобус, ява мотоцикл, чех гутал, буу зэвсэг, болор, шаазан эдлэл зэрэг нь бидний хэзээний танил, хэрэглэж сурсан зүйлс. Энэ ч утгаараа аль ч үед худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх боломж талуудад нээлттэй байгаа. 
 
Далайд гарцгүй манай хоёр улсын хувьд ачаа бараа тээвэрлэлт чухал асуудал байдаг. Монгол Улс төмөр зам, авто зам болон агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг “гуравдагч хөрш” улсуудтай өргөжүүлэн хөгжүүлэх зарчмыг баримталж байгаа бөгөөд үүний дотор Чех улс багтаж байгаа. Гэхдээ бүс нутгийн болон олон улсын нөхцөл байдлаас үүдэн тээвэр ложистикийн салбарын бодит хамтын ажиллагааг өрнүүлэхэд хүндрэл үүссэн хэвээр байна. Гэсэн хэдий ч монгол, чехийн аж ахуйн нэгжүүд хамтран шинэ шийдлүүдийг хайж, хэрэгжүүлж чадаж байна.
 
Манай улсын “Eznis Airways” компани Улаанбаатар – Прага – Улаанбаатар чиглэлд анхны хуваарьт шууд нислэгийг 2024 онд 3 сар гаруй хугацаанд үйлдсэн бөгөөд шууд нислэгээр нийтдээ 4500 орчим хүн зорчсон. Тодорхой шалтгааны улмаас шууд нислэг зогсоод байгаа хэдий ч Төв Европт орших Чех улстай агаарын тээврийн салбарт хамтран ажиллаж, Германы дараах Европ дахь манай улсын агаарын тээврийн хоёр дахь гарц болох бүрэн боломжтойг “Eznis Airways” компани нотлон харуулсан. 
 
-Хоёр улс илүү бат бөх түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхэд аль салбарын хамтын ажиллагаа нэн чухал байна гэж Та үзэж байна вэ?
-Хоёр улсын төрийн Тэргүүн нар Прагад болсон Бизнесийн чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч, оролцож үг хэлсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол, Чехийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгаль орчин, эрүүл мэнд, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэсэн. Ерөнхийлөгч П.Павел “Уул уурхай, эрчим хүч, батлан хамгаалах, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх өргөн боломжтойг” онцолсон. 
 
Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний хомсдол зэрэг дэлхий дахинд тулгарч буй сорилтыг даван туулах асуудлаар мөн ярилцаж, манай тал цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтын хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгааг мэдээлж, Монгол Улс, Европын Холбоо хоорондын Ойн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжтойг тэмдэглэсэн. 
 
-Нэгэн үед монгол оюутнуудыг олноор нь сургадаг улс бол Чехословак улс байв. Манай улсын боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн Илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд Чехэд оюутнуудыг сургаж эхэлсэн. Үүний ач холбогдлыг тодруулж өгнө үү? Оюутнууд ямар чиглэлээр суралцаж байна вэ? 
-Чехословак улсын үед Монголоос 20 мянга гаруй хүн тус улсад суралцаж, мэргэшил эзэмшиж, дадлага хийж, үйлдвэрт ажилласан гэсэн тоон мэдээлэл байдаг. Төгсөгчдөөс хуримтлуулсан туршлага, Чех, Словакийн технологийг эх орондоо нутагшуулан амжилттай бизнес эрхэлж буй хүмүүс цөөнгүй. 
 
Одоогийн байдлаар манай улсын 130-аад оюутан Чехийн их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын зэрэгт суралцаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцахаар 2023 онд 8 оюутан ирж байсан бол одоо 50 гаруй болсон. Манай оюутнууд барилгын инженер, хөдөө аж ахуй, биотехнологи, компьютерын шинжлэх ухаан, статистик, цөмийн инженер, био анагаах ухаан, уул уурхайн инженер, сэргээгдэх эрчим хүч, хот ба бүс нутаг төлөвлөлт, хиймэл оюун ухаан зэрэг нарийн мэргэжлээр суралцдаг.  
 
Мөн хоёр улсын боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу солилцооны хөтөлбөрт энэ онд манай 9 оюутан, 3 судлаач хамрагдсан бол чехийн 4 оюутан Монголд суралцаж байна.  
 
-Чех бол монгол судлал хөгжсөн орнуудын нэг. Өнөөдөр Чехийн монгол судлал ямар түвшинд байна вэ? Монгол судлалаар ажиллаж буй гол гол эрдэмтдийг Та нэрлэнэ үү?
-Долоон зуу шахам жилийн түүхтэй Төв Европын анхны Их сургууль болох Карлын Их сургуульд 1976 онд Монгол судлалын төв байгуулагдсан. Монгол судлалын төв нь байгуулагдсан цагаасаа хойш монгол хэл шинжлэлийн салбарыг түлхүү төвлөрч, үндсэн чиглэлээ болгож төлөвшүүлсэн гэж хэлж болно. Одоогийн байдлаар Карлын Их сургуульд 3 монгол судлаач, багш ажиллаж байгаа бөгөөд бакалаврын түвшинд 11, магистрын түвшинд 1, докторын түвшинд 1 оюутан суралцаж байна. Энэ нь Чех дэх монгол судлал амжилттай үргэлжилж буйг илтгэнэ. 
 
Монгол, Чехийн нэртэй эрдэмтэд Б.Ринчен, Чой.Лувсанжав, Ж.Санжаа, Б.Пүрэв-Очир, Ж.Лувсандорж, Павел Поуха, Ярослав Вацек, Йиржи Шима тэргүүтэй олон хүний хичээл зүтгэл, оюун бодол, нөр их хөдөлмөр Чех дэх монгол судлал, уран зохиол, яруу найргийн орчуулга, судалгаа шинжилгээнд шингэжээ. Тэднийг буухиалан өнөөдөр хэл шинжлэлийн чиглэлээр Вероника Капишовска, социологийн чиглэлээр Михал Щварц, эртний судар бичгийн чиглэлээр Ондрей Срба, шашин судлалын чиглэлээр Лубош Белка зэрэг монголч эрдэмтэд идэвхтэй судалгаа хийж, үйл ажиллагаа явуулж байгаа байна. 
 
Карлын Их сургуулийн монгол судлалын тэнхимээс “Mongolica Pragensia” сэтгүүлийг гаргадаг. Энэ нь монгол судлалын чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний сэтгүүл юм.
 
Элчин сайд Д.Гансүх Эрдэнэтийн уурхайн нөөцийг судалж тогтоосон Чехийн геологич Моёмир Краутер болон нэрт монголч эрдэмтэн, орчуулагч, Элчин сайд Йиржи Шима нарын хамт
 
-Монгол, Чех хоёр улсын соёлын хамаарал, адил төстэй зүйлсийн талаар сонирхуулна уу? 
-Манай хоёр орны аль аль нь эртний түүх, соёл, уламжлалтай улсууд. Тэр чанараараа ч юм уу соёлын харилцаа, хамтын ажиллагаа эртнээс хөгжсөн байдаг. Олон монголч эрдэмтэнтэй. Уран зохиол, яруу найраг, баримтат болон уран сайхны кино, театрын бүтээлүүд монгол, чех хэл рүү орчуулагдсан.
 
Зарим ойрын жишээнээс дурдвал, энэ онд Чехийн Үндэсний музейд толилуулсан “Чингис Хаан” олон улсын үзэсгэлэнг 3 сарын хугацаанд 75 мянга орчим хүн үзсэн байсан. Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэнг 2027 онд Чехийн Үндэсний музейд гаргахаар талууд бэлтгэлийг хангаж байна. Морин хуур найрал хөгжмийн “Монголын сайхан орон” тоглолт Чех улсын Ерөнхийлөгчийн ордон буюу Прагийн шилтгээнд, мөн нэрт хөгжмийн зохиолч Антонин Дворжакийн нэрэмжит Чехийн Филармонид тус тус болсон. Морин хуураар А.Дворжакийн “Humoresque”, Русалка дуурийн аригаас тоглоход үзэгчид дүүрэн алга ташилтаар хүлээн авч байсан. Нийт 1500 гаруй хүн үзэж сонирхсон. Монгол Улсын Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин Чехэд урилгаар тоглосон. Мөн 2022, 2024 онуудад “Хү” хамтлаг Чехэд ирж тоглоход дүүрэн үзэгчтэй байсан. Энэ нь чех хүмүүс өөрсдийн соёл, үнэт зүйлсээ эрхэмлэн дээдэлж ханддаг шигээ Монголын соёл, урлаг, түүх, өв уламжлалыг мөн түүн лугаа адил таашаан хүлээн авдгийн илрэл юм.  
 
-Чех улсад манай улсын олон мянган иргэн ажиллаж, амьдарч байгааг Та дурдсан. Мөн оюутнуудын тухай ярьсан. Иргэдийн аж байдлын талаар сонирхуулаач?
-Хоёр талын хамтын ажиллагааны нэг чухал тулгуур бол иргэд хоорондын харилцаа юм. Тэд улс орон, ард түмнүүд хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл, соёлын бат бөх гүүр болдог. Өнгөрсөн он жилүүдэд хуучин Чехословак улсад, сүүлийн 30 орчим жилд Чех, Словак улсад нийт 20 мянга гаруй монгол хүн ажиллаж, суралцаж, мэргэжил эзэмшжээ. 
 
Өнөөдрийн байдлаар манай 14 мянга хол давсан тооны иргэн Чех улсын өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч, сурч байна. Тэднээс 4000-аад нь 18 хүртэлх насныхан. 1600 гаруй монгол хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бөгөөд тэд маань цаашид Чехэд дээд боловсрол эзэмших монголчуудын тоог нэмэгдүүлж, улмаар Монголдоо оюуны том хөрөнгө оруулалтыг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. 
 
Европын орнуудаас Чех улсад хамгийн олон монгол хүн оршин суугаа нь манай хоёр улсын ойр дотно харилцааны илэрхийлэл гэж боддог.  
 
-Та Чех улсад Элчин сайдаар 4  жил ажиллаад албаа өндөрлөж байгаа юм байна. Ажилласан жилүүдийнхээ гол гол ажлуудаас онцолбол?
-Яриандаа дурдсан зүйлсээ тоймлоод хэлбэл, Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа Төрийн тэргүүнийхээ айлчлалыг зохион байгуулах завшаан тохиосонд баяртай байдаг. Чех улстай Иж бүрэн түншлэлийн харилцаатай болсон. Ингэснээр манай улстай түншлэлийн харилцаатай болсон Европын Холбооны 2 дахь улс болсон. Чех улсад хөдөлмөр эрхэлж буй манай иргэд тэтгэврээ авах, монгол жолооны үнэмлэхээ солиулж авах боломжтой болсон. Хоёр тал сүүлийн 4 жилд хамтын ажиллагааны 20 шахам баримт бичиг байгуулсан. Чехийн их, дээд сургуульд суралцах оюутнуудын тоо нэмэгдсэн. Иргэд олноороо оршин суудаг 3 хотод монгол хэл, соёлын төв, клуб байгуулах санаачилгыг өрнүүлж ажиллаж байна. Хувийн хэвшил, бизнесийн хэлхээ холбоог нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж, үр дүнд хүрсэн. Манай ЭСЯ иргэдтэйгээ ойр ажиллах, тэдэндээ төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэхийг зорьж, олон чиглэлээр арга хэмжээ зохион байгуулсны үр дүн гарч байна. Хөдөлмөрийн гэрээгээр ирж буй манай иргэд ирэхээсээ өмнө Чех улсын тухай мэдээлэлтэй болох зохион байгуулалттай сургалтад хамрагддаг болсон. 
 
-Та хоёр орны харилцааны ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа сэтгэгдлээ хуваалцана уу?
-Хоёр улсын ирээдүйн хамтын ажиллагааг нэн өөдрөгөөр төсөөлж байна. Хоёр орны хамтын ажиллагаа уламжлал, шинэчлэл дээр суурилж ирсэн. 
 
Иж бүрэн түншлэлийн хүрээнд хоёр тал хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт мэдлэг мэдээлэл, нөу-хау технологи солилцож ажиллана. Үйлдвэрлэл, хими, эрчим хүч, ногоон технологи, дэд бүтцийн хөгжил, агаарын тээвэр, уур амьсгал, байгаль орчны хамгаалал, усны менежмент, хог хаягдлын менежмент, эрүүл мэнд, аялал жуулчлал, шинжлэх ухаан, инновац болон ухаалаг хот байгуулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Эдгээр чиглэлээр манай оюутан залуус Чех улсад суралцаж байна. Чех улсад эцэг эхийн хамт оршин суугаа 4000 орчим хүүхэд байна. Би бол олон хүүхэд залуус Чехдээ их, дээд сургуульд суралцах ёстой гэж боддогоо эцэг эхэд нь хэлдэг.
 
Хоёр улсын төрийн тэргүүн нар хамтран ажиллах эрмэлзэл, бодит боломж бололцоо байгааг харилцан нотолсон. 
 
Элчин сайд Д.Гансүх  "Онц бөгөөд бүрэн эрхт Элчин" дипломат цолны батламж, тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гардан авав
 
-Та Словак Улсын Элчин сайдын албыг хавсран гүйцэтгэдгийн хувьд Монгол болон Словак улсын харилцаа ямар түвшинд байгаа талаар товч мэдээлэл өгнө үү?
-Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улс нь уламжлалт найрсаг харилцаатай. Мөн л Европын Холбоон дахь манай улсын түнш орон. Манай улсууд НҮБ болон олон улсын байгууллагуудын хүрээнд үр дүнтэй хамтран ажилладаг. 
 
Хоёр орны худалдааны эргэлт 10 сая орчим ам. доллар байгаагаас дийлэнхийг словакийн талаас Монгол руу хийсэн экспорт эзэлж байна. Талууд боломжийг бүрэн ашиглавал хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бий. Тухайлбал, Монгол Улс, ЕХ хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр, өмнө дурдсан GSP+ хөтөлбөр зэрэг хамтын ажиллагааны боломжууд бүрдсэн байна. Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улс, Словак улс хоорондын хэлэлцээрийг 2024 онд байгуулсан. 
 
Элчин сайд Д.Гансүх Словакийн Ерөнхийлөгч Петер Пеллегринитэй хамт
 
Словакийн бизнес эрхлэгчид Словак-Монголын Худалдааны танхимыг үүсгэн байгуулж, МҮХАҮТ-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураад ажиллаж байна. Тэдний зүгээс Монголд логистикийн төв байгуулах болон ингэний хоормогоор хуурай сүү хийж экспортод гаргах төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 
 
Словак улсад манай 130 гаруй иргэн аж төрдөг. Словак улсын Засгийн газар улсынхаа их, дээд сургуульд суралцуулах 2 тэтгэлгийг жил бүр олгодог.   
 
-Эцэст нь Элчин сайдын хувьд Чехэд томилолт аваад очсон анхны сэтгэгдэл ямар байв, хамгийн дурсамжтай мөчөөсөө бидэнтэй хуваалцаач... 
-Надад Чех улстай холбоотой сонин сайхан түүх бий. Чех улс бол миний зочилсон анхны гадаад улс. Дөч гаруй жилийн өмнө би сургуулийн сурагч байхдаа Чехословак улсад олон улсын хүүхдийн зусланд амарч байсан. Уул нь Артек зуслан явах хуваарьтай сумаасаа ирсэн, гэтэл солигдоод бүр Чехословак руу явчихаж билээ. Прагийн Амьтны хүрээлэнг үзэж, өмнө нь биечлэн харж байгаагүй олон амьтан, түүний дотор том могой харснаа ярихад нутгийнхан нэг их үнэмшдэггүй байсан. Манай нутгийн “хайрхан” чинь жижиг шүү дээ, тэгэхээр санаанд нь сайн бууддаггүй байсан байх. Тэр ч цагийн аясаар мартагдаж. Тэгээд би Чехэд ирсэн даруйдаа Амьтны хүрээлэнд очиж, том “хайрхан”-ы зураг авч хүмүүст явуулж байв. 
 
Архангай аймгийн Хашаат сумын "Их Эхлэлт" нэгдэл Чехословак улсын нэг хоршоололтой шефийн холбоотой байсан. Тиймээс манай сумын хөдөлмөрийн сайчуул энэ сайхан улсад ирдэг байсан. Хашаат сумын дизель станцыг 1960 онд чехүүд бэлэглэсэн юм билээ. Тухайн үедээ цахилгаан гэрэлтэй цөөхөн сумдын нэг байсан байх. Нэгдэлд Татра ачааны машин хэрэглэдэг байсан гэж ахмадууд ярьдаг. Монголч эрдэмтэн Й.Шима гуайн байгуулсан Азийн бяцхан музейд манай нутгийнхны ховор нандин гэрэл зургууд байдаг. Чехтэй холбоотой энэ мэт дурсамжууд бага нас, нутаг ус, таньдаг хүмүүсийг илүү их санагдуулдаг. 
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр Прага хотноо "Чингис хаан" үзэсгэлэнг нээж, Морин хуурын чуулга тоглолтоо хийв
 
Ярилцлагын холбоос: https://www.montsame.mn/mn/read/386543