images

ЭРДЭМТЭН, ДОКТОР ДАРЖААГИЙН САХИАГ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ

Үйл явдлын мэдээ

2026-02-13

12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар доктор Даржаагийн Сахиаг төрийн дээд Алтан гадас одонгоор шагнасныг Элчин сайд Д.Гансүх 2026 оны 2 дугаар сарын 9-нд ЭСЯ-нд гардуулан өгч, баяр хүргэв.
 
Д.Сахиа нь Словак улсын Кошице хотын Техникийн дээд сургуульд суралцаж, Автомат удирдлагын системийн инженер мэргэжлийг эзэмшсэн бөгөөд өдгөө Словак улсын ШУА-ийн Информатикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. Тэрээр 1979 онд Монгол Улсын ШУА-ийн Физик-техникийн хүрээлэнгийн радио-электроникийн лабораторид эрдэм шинжилгээний ажилтан-программистаар ажиллаж байхдаа “МОНЕЛ фирмийн компьютерын программ хангамжийг хөгжүүлэх албыг байгуулж, Монголд компьютерын хэрэглээний программ хангамжийг хөгжүүлэх эх үндсийг тавих үйлсийг эхлүүлжээ.
 
Түүний бие дааж болон монгол, словакийн эрдэмтэдтэй хамтран зохиосон бүтээлүүдээс сонирхуулбал, худам монгол бичгийн фонтыг зохиож, бичих, хэвлэх программыг боловсруулж, Олон улсын монголч эрдэмтдийн VII их хуралд танилцуулсан, Монголын анхны компьютерын шагайн тоглоомын программыг зохиосон, словак хэлний синтезийг ашиглан хийсэн SMS to Voice үйлчилгээг 2003 оноос эхлэн гар утасны бүх операторууд ашиглаж буй зэргийг онцолж болох юм.
 
2010 оноос Д.Моондойтой хамтран монгол хэлний яриаг таньж текст болгодог speech recognition программ хангамжийг хийхэд шаардлагатай датабаз (монгол хэлний бичгийн текст болон ярианы бичлэг)-ыг бүрдүүлэн анхны программ (demo version)-ыг зохиожээ.
 
Мөн Кошице хотын Техникийн Их сургуулийн төгсөгчид, эрдэмтэн багш нартайгаа хамтран словак хэлний яриаг текст болгодог speech recognition программ хангамжийг хийж, хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Тухайлбал, гар болон гэрийн утаснаас цаг агаарын мэдээ, галт тэрэгний хуваарийг асуухад компьютер хариулна. Мөн  тэдний зохилсон яриаг шууд бичдэг dictation system программыг Словакийн Хууль зүйн яам ашигладаг аж. Жишээ нь, шүүхийн тогтоолыг уншихад компьютер бичвэр болгон хөрвүүлэх гэх зэргээр ашиглагддаг юм байна.
 
Манай улс 2025 оноос эхэлсэн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд Төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж байгаатай холбогдуулан үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, мөн хэрэглэгчдэд ойртуулахад эрдэмтэн Д.Сахиагийн зохиосон хэлний программууд тустай юм.