ЭЛЧИН САЙД Д.ГАНСҮХ ЧЕХ УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ
Шинэ оныг тохиолдуулан Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч Милош Вийстрчил, Төлөөлөгчдийн танхимын дарга Томио Окамура, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Петр Мацинка нар өнгөрсөн 7 хоногт тус улсад суугаа ДТГ-уудын тэргүүн нарыг тус тус хүлээн авч уулзаж, улс орныхоо дотоод, гадаад бодлого, зорилтын талаар мэдээлэл хийв.

Элчин сайд Д.Гансүх Сенатын дарга Милош Вийстрчилтэй уулзах үеэр УИХ-ын дарга Н.Учралын мэндийг уламжилж, хоёр орны Парламент хоорондын хамтын ажиллагаанд онцгой анхаарч, дэмжиж ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.


Элчин сайд Төлөөлөгчдийн танхимын дарга, Гадаад хэргийн сайд нарт УИХ-ын дарга Н.Учрал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын мэндчилгээг уламжилж, шинээр томилогдсонд нь баяр хүргэж, товч ярилцав. Тэрээр өнгөрч буй 2025 онд Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаанд тэмдэглүүштэй олон чухал үйл явдал болсныг тэмдэглэж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч БНЧУ-д төрийн айлчлал хийж, манай хоёр улс “Иж бүрэн түншлэл”-д хүрснийг онцлон хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн манай хоёр улсын Парламент хоорондын харилцаа идэвхтэй өрнөж ирснийг дурдаж, шинээр байгуулагдсан Төлөөлөгчдийн танхимд Чех – Монголын Парламентын найрамдлын бүлэг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг ноён Т.Окамурагаас хүсэв.

