ӨРГӨМЖИТ КОНСУЛ П.СЛАВИК АЖЛАА ТАНИЛЦУУЛАВ
Словак Улсад суугаа Монгол Улсын Өргөмжит консул П.Славик, ӨКГ-ын зөвлөх Т.Мөнхбат нар 2022 оны 11 дүгээр сарын 25-нд Элчин сайд Д.Гансүхтэй уулзаж, 2022 оны үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. ӨКГ-ын хийсэн гол ажлуудаас дурдвал:
-Словакийн бизнесийн төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчлалыг зохион байгуулсан.
-Словак, Монголын Худалдааны танхимыг байгуулж, МҮХАҮТ-тай хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурав.
-Братислав хотын Эдийн засгийн Их сургуулийн төлөөлөгчдийг Монголд айлчлуулж, СЭЗИС-тай хамтран ажиллах асуудлаар ярилцахад дэмжлэг үзүүлсэн.
-Словак улсад ажиллаж, аж төрж буй манай иргэдийн ажилладаг 2 үйлдвэрийн газар очиж, иргэдтэй уулзсан тухайгаа танилцуулж, тэдний зүгээс тавьсан санал хүсэлтийг барагдуулах талаар ажиллаж байгаагаа мэдэгдэв. Словак улсад манай 100 гаруй иргэн оршин сууж байгаагаас 60 орчим нь Братислав хотод хөдөлмөр эрхэлж байна.
-Элчин сайд Словак улсын Ерөнхийлөгчид ИЖБ-гээ барих бэлтгэлд оролцож, дагалдан ажилласан.
Элчин сайд Монгол, Словакийн хамтын ажиллагаа, түүний дотор хоёр талын худалдаа, бизнесийн түншлэлийг хөгжүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр Өргөмжит консул П.Славик анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Мөн 2023 онд тохиох Монгол, Словакийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар ярилцав.