ПРАГА ХОТЫН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРЛЫГ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ
Монгол тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Чех улсын иргэн, Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал М.Бобекийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасныг 2022 оны 10 дугаар сарын 17-нд Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Төрийн ордонд гардуулж өгөв.
Тахь нутагшуулах энэхүү эрхэм үйлсэд Прага хотын Амьтны хүрээлэн үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тухайлбал, Прага хотын Амьтны хүрээлэн 2012-2019 оны хооронд 9 удаагийн агаарын тээвэрлэлтээр нийт 34 тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах ажлыг амжилттай зохион байгуулж, өдгөө тахийн сүргийн тоо толгой өсөж, Говийн Их дархан цаазат газрын Б хэсэг буюу Тахийн тал, Хомын талдаа идээшин дасч, байгалийнхаа жамаар өсөж үржих боломжтой болжээ. Прага хотын Амьтны хүрээлэн одоо тахийг Дорнод Монголын талд сэлгэн нутагшуулах төслийг эхлүүлж, судалгаа шинжилгээний ажилдаа ороод байна.
Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал, монголчуудын эрхэм анд М.Бобек Танд болон танай хамт олонд чин сэтгэлийн баяр хүргэж, улам их амжилт хүсье.