МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн – Монгол бахархлын өдөр, Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн насанд хүрэгчдийн болон хүүхдийн барилдааныг ЭСЯ, Чех дэх үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” холбоо хамтран 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Мост хотод зохион байгууллаа.

Бөхийн барилдааны нээлт дээр Элчин сайд Д.Гансүх Монгол үндэсний бөхийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, багачуудад зааж сургах үйлсийг дэмжиж, манлайлж ажиллаж байгаад талархал илэрхийлж, “Ширмэл зодогтон” холбоонд хүүхдийн зодог, шуудаг гардуулж өгөв. Мөн тэмдэглэлт ойн өдрүүдийг тохиолдуулан “Ширмэл зодогтон” холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болох аймгийн харцага Ж.Билэгт, аймгийн начин Ө.Тулга, үндэсний бөхийн Улсын цоллооч, ахлах засуул, сумын заан Р.Банзар нарын аймгийн, сумын цолтой ахмад бөхчүүдэд ЭСЯ-наас хүндэтгэл үзүүлж, Их Эзэн Чингис хааны эш хөргийг дурсгаж, хадгалууллаа.

Бөхийн барилдаанд Чех, Герман, Унгар, Польш зэрэг улсаас хүчит бөхчүүд хүрэлцэн ирж оролцов. Насанд хүрэгчдийн ангилалд барилдсан 34 бөхийн 14 нь аймаг, сумын цолтой бөхчүүд байсан нь бөхийн барилдааныг сонирхолтой, чансаатай болгосон бөгөөд түрүү бөхөөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат аймгийн начин Д.Энхтүвшин шалгарч, Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн начин О.Пүрэвбаяр үзүүрлэлээ. Их шөвөгт Орхон аймгийн Жаргалант сумын харьяат аймгийн начин С.Энх-Амгалан, Дорнод аймгийн Матад сумын харьяат аймгийн начин А.Төгөлдөр нар шалгарлаа.

Хүүхдийн бөхийн барилдааны 8-10 насы ангилалд Б.Ачбаяр түрүүлж, Ц.Буянхишиг үзүүрлэж, Х.Энхмөнх, Б.Ананд нар удаах байрт шалгарав. 11-14 насны ангилалд М.Билгүүдэй түрүүлж, Б.Балт-Идэр үзүүрлэж, О.Гандөш, Б.Дөлгөөн нар удаалсан бол 15-17 насны ангилалд А.Тэргэл түрүүлж, Б.Угтахбаяр үзүүрлэж, Б.Билгүүн, Н.Бадар-Угаан нар удаах байрт шалгарлаа.

Ийнхүү Монгол бахархлын өдөр, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойн өдөрт зориулан ЭСЯ-наас зохион байгуулсан арга хэмжээнүүдийн нэг болох үндэсний бөхийн барилдаан амжилттай болов.

Бөхийн барилдаанд зодоглож хурд хүч, авхаалж самбаа, зориг тэвчээрээ сорьсон бөхчүүд, уухай, халуун алга ташилтаар түрлэг нэмсэн үзэгчид, хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийлж, цаашдынх нь уралдаан тэмцээн, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Идэр чийрэг бөхчүүдийн эр бяр нь тэгш,
Эзэн хийморь нь өөдөө байх болтугай!