ЧЕХ УЛСАД СУРЧ БУЙ ОЮУТАН ЗАЛУУС, ХҮҮХЭД БАГАЧУУД МОНГОЛ БАХАРЛЫН ӨДРИЙГ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ТЭМДЭГЛЭВ
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан ЭСЯ-наас Чех улсад сурч буй оюутан залуус, хүүхэд багачуудын дунд монгол өв соёлоо таниулах, түгээн дэлгэрүүлэх өдөрлөгийг зарим ТББ, иргэдийн төлөөлөлтэй хамтран зохион байгуулав.

11 дүгээр сарын 22-нд ЭСЯ-нд болсон оюутнуудын уулзалт өдөрлөг дээр Элчин сайд Д.Гансүх "Монгол бахархлын өдөр"-ийн ач холбогдлын талаар ярьж, ялангуяа гадаадын оронд суралцаж буй оюутан залуус орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ эх түүх, хэл, соёл, монгол ахуй, уламжлалаа сайтар мэдэж, улс орон болоод монгол хүнийхээ нэр төрийг эрхэмлэж явах давхар үүрэгтэйг онцлов.

Хөтөлбөрийн хүрээнд Карлын их сургуулийн оюутан Г.Дөлгөөн Чех улсад суралцаж буй туршлага, сэтгэгдлээ хуваалцсан бол Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн оюутан Феликса, Б.Сэлэнгэ нар Монгол судлалын тэнхимийн талаар танилцуулж, яагаад монгол судлалыг сонгосон тухай сонирхолтой яриа өрнүүлэв. Мөн Чехийн ТИС-ийн оюутан Э.Бадмаанямбуу, Б.Нандинцэцэг нар монгол бичгийн хичээнгүй тигийн талаар танилцуулж, оюутан бүр монгол бичгээр нэрээ бичив. Мост хотын "Ивээлт" морин хуурын төвийн багш, СТА Ц.Мөнх-Эрдэнэ ЭСЯ-ны хан хуурын хөгийг тааруулж, хүүхдүүд "Үүлэн бор", "Жонон", "Жалам хар" зэрэг аялгууг тоглож үзүүллээ. ТИС-ийн оюутан М.Ангараг, Г.Цолмонгэрэл нар монгол, гадаад оюутнуудад биелгээ зааж, бүжиглэж сонирхуулав.

Өдөрлөгт Карлын их сургууль, Прага хотын Техникийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Брно хотын Масарикийн их сургууль, Плзен хотын их сургууль, Острава хотын Техникийн их сургууль, Либерец хотын Техникийн их сургууль зэрэг чехийн их, дээд сургуулиудаас нийт 50 гаруй монгол, чех оюутнууд хүрэлцэн ирэв.

Мөн "Монгол бахархлын өдөр"-өөр ЭСЯ-наас 11 дүгээр сарын 22-ны өдөр Плзен хотын Монголчуудын холбоо ТББ, 11 дүгээр сарын 23-ны өдөр Пардубицэ хотын "Mon Week School"-тэй хамтран хүүхдүүдийн дунд монгол хэл, өв соёлын өдөрлөгүүдийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгөөр хүүхдүүд монгол хэл, монголын түүх, зураг, шатар, дуу, бүжиг, бөхийн барилдаан зэргээр тэмцээн, үзүүлбэр үзүүлж, сурсан эрдэм, авьяас чадвар, мэдлэг оюунаа цугласан олондоо сонирхуулав. Эдгээр арга хэмжээнд 100 гаруй хүүхэд оролцжээ.

Ийнхүү "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан хүүхэд, залуусын дунд зохион байгуулсан үндэсний өв, соёлоо эрхэмлэн дээдлэх, бахархах, уламжлуулах үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд эцэг эх, хамт олон, байгууллагууд идэвхтэй оролцсоныг талархан тэмдэглэж байна.
