images

ЭСЯ ОЛОН УЛСЫН ХАНДИВ, СУРТАЛЧИЛГААНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОВ

Үйл явдлын мэдээ

2025-11-17

33

Тус ЭСЯ Чех улс дахь ДТГ-ын Тэргүүн нарын гэргийн Нийгэмлэгээс зохион байгуулдаг уламжлалт олон улсын хандив, улс орноо сурталчлах өдөрлөгт оролцлоо. 2025 оны 11 дугаар сарын 16-ны өдөр “Hilton Prague Hotel”-д зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээний хүндэт зочин нь Чех улсын Тэргүүн хатагтай Эва Павлова байв.
 
 
Энэ жилийн хандивын өдөрлөгт Чехэд гэр бүлийн хамт аж төрж буй иргэн Х.Очирсүхийн үүсгэн байгуулсан хонины ноосон оймс, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “O&M” компани, Монгол үндэсний хувцас, гоёл чимэглэл урлаач иргэн Г.Ичинхорлоо, 3D артист Н.Батбаяр нар оролцов.  Өдөрлөгийн урлаг соёлын хөтөлбөрт СТА Ц.Мөнх-Эрдэнэ багштай “Ивээлт” сургалтын төвийн морин хуурч хүүхдүүд оролцож, “Жонон”, “Татлагын холбоо”, “Жалам хар” зэрэг аялгууг тоглож, зочдын сонорыг мялаав.
 
 
Өдөрлөгт 49 орны ДТГ үндэсний соёл, урлагийн тоглолт үзүүлж, бараа болон хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарган оролцсон бол 4000 орчим хүн зочилжээ. Хамтран ажилласан бизнесийнхэн, уран бүтээлчдэдээ дахин талархал дэвшүүлье.