“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ ПРАГА ХОТНОО БОЛЛОО
“Оюунлаг эргэлт медиа групп”-ын дэргэдэх “Эргэлт.мн” мэдээллийн сайтын сэтгүүлчдийн бүтээл “Сүүлчийн нүүдэлчид” номын нээлт Прага хотын “Утга зохиолын музей – Үндэсний бичгийн дурсгалт газар”-ын байранд 11 дүгээр сарын 14-нд болов. Номын нээлтэд Элчин сайд Д.Гансүх, “Эргэлт.мн” мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар, монголч эрдэмтэн, доктор И.Шима, Чехийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан С.Берковец, "Чех-Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэг"-ийн тэргүүн Я.Ухер, сайтуудын төлөөлөл, номын зохиогчид, монгол судлалын оюутнууд, монгол, чехийн зочид, уншигчид өргөнөөр хүрэлцэн ирж, оролцлоо.

Элчин сайд Д.Гансүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, 2025 онд тохиож буй Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Чехийн Үндэсний музейд “Чингис Хаан” олон улсын үзэсгэлэнг толилуулсны зэрэгцээ Морин хуурын чуулга хоёр удаагийн бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн нь улс орныхоо түүх, өв соёлыг сурталчлан таниулсан томоохон арга хэмжээ болсныг дурдаад, нүүдэлчин ард түмний ахуй соёл, эгэл амьдралын философи, үеийн үед оюун санаандаа тээж өвлүүлсээр ирсэн өвийг ийнхүү баринтагласан “Сүүлчийн нүүдэлчид” ном нээлтээ хийж дээрх буухиаг үргэлжлүүлж байна хэмээн тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Монгол, англи хэлээр хэвлэгдсэн тус номыг цаашид олон хэлээр орчуулан гаргахын зэрэгцээ баримтат кино хийхээр төлөвлөж байгаагаа “Эргэлт.мн” мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар ярьж, хүрэлцэн ирсэн зочидтой номын талаар, нүүдлийн соёлын талаар нээлттэй ярилцлага өрнүүллээ.
Монголын анхны “Балдорж”-ийн нэрэмжит шагналт редакц, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Ган үзэг” шагналт "Эргэлт.мн" сайтын уран бүтээлчид энэхүү номондоо Монгол үндэстний ондоошил, бахархал, нүүдлийн соёл иргэншлийн бодит амьдрал, түүх, баримтаас сэдэвлэж, монголчуудын амьдралын өвөрмөц содон, мөнхүү гайхамшигтай 32 түүхийг хөрөглөн бүтээжээ.

Нээлтийн ажиллагаанд хамтран оролцож, морин хуурын аялгуу эгшгээр олны сонорыг мялаасан "Ивээлт" морин хуурын төвийн багш, морин хуурч СТА Ц.Мөнх-Эрдэнэ, Монгол-Чех хэлний хэлмэрч А.Мөнхцэцэн, үндэсний амтат идээ зоогоор үйлчилсэн "Гэр кэмп"-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Хүрэлцэн ирсэн бүх зочдод талархлаа. Та бүхэнд номын цагаан буян хурах болтугай.