images

ЭЛЧИН САЙД СЛОВАК УЛСАД АЖИЛЛАВ

Үйл явдлын мэдээ

2025-11-12

45

Элчин сайд Д.Гансүх хавсран суугаа Словак улсад ажиллаж, 2025 оны 11 дүгээр сарын 10-нд ГХЕЯ-ны Ази-Номхон далайн орнуудын газрын шинээр томилогдсон захирал Штефан Розкопал, НҮБ болон олон улсын байгууллагуудын газрын захирал Михал Комада нартай тус тус уулзав.
 
Элчин сайд ГХЕЯ-ны Ази-Номхон далайн орнуудын газрын захирал Ш.Розкопалтай уулзахдаа, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж, юуны өмнө Монгол, Словакийн ГХЯ-д хоорондын санамж бичиг, Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай яамд хоорондын хэлэлэцээрийн хүрээнд ажиллахын чухлыг тэмдэглэв. Улмаар Словакийн бизнес эрхлэгчдийн Словак-Монголын худалдааны танхимыг 2021 онд байгуулж, Монголд ингэний хоормог хатаан савлах технологи нийлүүлэх болон Логистикийн төв байгуулах төслүүдийн талаар мэдээлж, дэмжиж ажиллахыг хүсэв.
 
 
Элчин сайд ГХЕЯ-ны НҮБ болон олон улсын байгууллагуудын газрын захирал М.Комада нар Монгол, Словакийн олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн Монгол Улс Албани, Гана болон Норвег улстай хамтран санаачилсан “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлуудын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг танилцуулж, хамтран ажиллахыг хүсэв.
 
 
Словак улсад ажиллах үеэрээ Элчин сайд 1985-1989 онд Бүгд Найрамдах Чехословак Улсаас Монгол Улсад ажиллаж байсан Элчин сайд Душан Розбора гуайд хүндэтгэл үзүүлэв.