ЭЛЧИН САЙДЫН ЯАМ СЛОВАКИЙН ТРНАВА ХОТОД АЖИЛЛАЛАА
ЭСЯ-наас 2025 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Словак улсын Трнава хотод ажиллаж, тус хот, бүс нутагт аж төрж буй иргэдийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар Элчин сайд Д.Гансүх ЭСЯ-ны үйл ажиллагаа, Монгол-Словакийн харилцаа, хамтын ажиллагаа болон ЭСЯ-наас хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсч, мэдээлэл хуваалцаж ярилцлаа.

ЭСЯ-наас "Хос багана" ТББ-тай хамтран зохион байгуулдаг сэтгэлзүйн эрүүл мэнд, стрессийг даван туулах, урьдчилан сэргийлэх арга замын талаарх цуврал сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг "Хос багана" ТББ-ын тэргүүн, лектор Т.Мөнх-Эрдэнэ явуулж, стресс, сэтгэл гутралын үед илрэх шинж тэмдгүүд, тэдгээрийг даван гарах арга замын талаар зөвлөгөө өгөв. Мөн ЭСЯ-наас иргэдэд явуулын консулын үйлчилгээг үзүүлсэн бөгөөд Трнава хот орчмоор манай 40 гаруй иргэн аж төрж байна. Уулзалтын дараа хамтдаа оройн зоог барьсан бөгөөд ЭСЯ-наас ийнхүү хавсран суугаа Словак улсад аж төрж буй иргэдтэйгээ ирж уулзаж, санал бодлыг нь сонсч байгаад талархалтай байгаагаа иргэд илэрхийлж байв.
Элчин сайд Трнава хотод ажиллаж байгаатай холбогдуулан Трнава хотын дэд дарга Эва Немчовскатай уулзалт хийв. Уулзалтаар хотын удирдлагын зүгээс тус хотод аж төрж буй гадаадын иргэдэд чиглэсэн үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. ЭСЯ-ны зүгээс Трнава хотод аж төрж буй Монгол Улсын иргэдийг дасан зохицоход туслалцаа үзүүлэхийг хүсэлт болгож, хотын захиргаа болон иргэдийн оролцоо, дэмжлэгтэйгээр соёлын хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар ярилцлаа.

Арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцсон нийт иргэддээ болон уулзалт, арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн орчуулагч, хэлмэрч Р.Энхтуяад дахин талархал илэрхийлье.