ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛЫН ЯРУУ НАЙРАГ, УРАН ЗОХИОЛ БҮТЭЭЛҮҮДЭЭС ЧЕХ ХЭЛНЭЭ ОРЧУУЛАГДАВ
Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд ЭСЯ, “Plav” сэтгүүлийн газар, Карлын Их сургуулийн Монгол судлалын тэнхим хамтран тус сэтгүүлийн нэг дугаарт Монголын орчин үеийн уран зохиолоос чех хэлээр хэвлэн гаргасан бөгөөд шинэ дугаарын мялаалга, нээлтийн ёслол “Чех – Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн байранд боллоо.

Элчин сайд Д.Гансүх хэлсэн үгэндээ, хамтын ажиллагааны 75 жилийн хугацаанд манай хоёр улс нь соёл, боловсрол, шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж байсны нэгээхэн илрэл нь Төв Европ дахь Монгол судлалын ууган төв болох Карлын Их сургуулийн Монгол судлалын тэнхим юм. Тус тэнхимын багш, оюутнууд, монголч эрдэмтэд, судлаачид хоёр улсын уран зохиолын олон номыг монгол, чех хэлээр орчуулж түгээж ирсэн нь бахархалтай хэрэг бөгөөд өнөө цагт тэрхүү түүчээг үргэлжлүүлж Монголын орчин үеийн уран зохиолын томоохон төлөөллүүдийн бүтээлээс чех хэлэнд хөрвүүлж хэвлэсэн нь нэн талархууштай гээд мялаалгыг зохион байгуулж буй Плав сэтгүүлийн редакц, “Чех – Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэг” болон “Монголын Анд нөхдийн нийгэмлэг”-т баяр хүргэв.
Арга хэмжээний үеэр тус сэтгүүлийн орчуулгын ажлыг хариуцан ажилласан Монгол судлалын тэнхимийн багш, доктор Вероника Капишовска Монголын яруу найраг, уран зохиолын талаар мэдээлэл өгсөн бол язгуур урлагийн “Гэрэгэ” хамтлаг үндэсний дуу, хөгжмийн тоглолт зохион байгуулж, үндэсний урлагийн дээжээс хүрэлцэн ирсэн зочдод толилуулав. Мөн Прага хотод үйл ажиллагаа явуулдаг “Байгаль сүши” рестораны хамт олон монгол үндэсний идээ, зоог бэлтгэжээ.
Зохион байгуулагчдаас арга хэмжээнд зориулан Монголтой холбоотой эд өлгийн зүйлс, гар урлалын бүтээгдэхүүнүүд дэлгэн сонирхуулсны дотор Монголын их, дээд сургуульд суралцсан анхны чех хүн монголч эрдэмтэн, доктор Йиржи Шимагийн 1964 онд Монголоос авчирсан гэр байлаа. Монгол – Чехийн хамтын ажиллагааны олон жилийн гэрч болсон энэхүү гэр тэнд цугласан олон хүний дурсамжийг сэргээж байсан нь таатай байв.

Шинэхэн сэтгүүл уншигчдын дунд эрэлттэй байгаа бөгөөд хэвлэгдсэн бүх дугаарууд зарагдаж дуусчээ. Худалдан авч амжаагүй уншигчид тус сэтгүүлийн дугаарыг www.svetovka.cz/archiv/ цахим хуудсаар дамжуулан худалдан авах боломжтой юм.