ЭЛЧИН САЙД ПАРЛАМЕНТЫН СЕНАТЫН ТАНХИМЫН ДЭД ДАРГАТАЙ УУЛЗАВ
Өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Дэд дарга хатагтай Ийтка Сейтлова Элчин сайд Д.Гансүхийг хүлээн авч уулзаж, ирэх 10 дугаар сард Монгол Улсад хэрэгжүүлэх айлчлалынхаа талаар санал солилцов.
Дэд дарга И.Сейтлова түүний айлчлалын бүрэлдэхүүнд Сенатын танхимын Орон нутгийн хөгжил, төрийн захиргаа, байгаль орчны байнгын хорооны дарга, гишүүд оролцож, Чехийн бизнесийн төлөөлөгчид дагалдан явахаар бэлтгэж байгааг мэдээлж, усны менежментийг сайжруулах, агаарын болон хөрсний бохирдолтой тэмцэх, байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 3 дугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн айлчлалаар хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгоход Сенатын танхимын дэд даргын айлчлал чухал ач холбогдолтой бөгөөд энэхүү айлчлал нь Монгол – Чех хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.
Уулзалтад Сенатын танхимын Орон нутгийн хөгжил, төрийн захиргаа, байгаль орчны байнгын хорооны дарга ноён Збынек Линхард байлцав.