images

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД ЧЕХ УЛСАД АЖИЛЛАВ

Үйл явдлын мэдээ

2025-05-15

53

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам тэргүүтэй гишүүд Чех улсад 2025 оны 5 дугаар сарын 13-14-нд ажиллав.
 
Төлөөлөгчид Карлын Их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Эва Волдржихова Беранковатай уулзаж, хоёр талын боловсролын салбар, тэр дундаа их сургууль хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүн, ач холбогдол, тус Их сургуулийн монгол судлалыг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжиж, хамтран ажиллах асуудлаар ярилцав. Тухайлбал, Чехийн монголч эрдэмтэн Павел Поухагийн чех хэл рүү орчуулсан “Монголын нууц товчоо” -г дахин хэвлэх, Монголын түүхтэй холбоотой сүүлийн үеийн судалгааны бүтээлийг эмхэтгэж хэвлэн судалгаанд ашиглах боломжийн талаар ярилцав. Уулзалтад КИС-ийн Монгол судлалын тэнхимийн багш В.Капишовска, В.Зикмундова, Монгол тууль судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй оюутан Катержина нар оролцож, санал бодлоо хуваалцав. Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Яамд хоорондын хэлэлцээр нь монгол судлалын ангийн оюутнууд солилцооны хөтөлбөрөөр Монголд очиж суралцах боломжийг бий болгож байгааг багш нар сайшаан тэмдэглэж байв.
 
 
УИХ-ын гишүүд Чех улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Чех-Монголын Парламентын бүлгийн дарга С.Берковец, М.Хаек нартай уулзаж, хоёр улсын Парламентын хамтын ажиллагааны талаар мэдээлэл, санал солилцов.  Мөн Чехийн Үндэсний музейд зочлов. Доктор Хелена Херолдова, Павла Хубачкова нар тус музейд үзүүлж буй “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнгийн дэглэлт зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, үзэсгэлэнг танилцууллаа.
 
 
Байнгын хорооны гишүүд Монгол Улсаас Чех улсад суугаа ЭСЯ-нд зочлох үеэр Элчин сайд Д.Гансүх Монгол, Чехийн харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Чех улсад ажиллаж амьдарч буй монголчуудын аж байдал, хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл хийж, монгол хүүхдүүдэд зориулсан монгол хэл, соёлын төв  нээх арга хэмжээний явцыг танилцуулж, ярилцав.