ЧЕХИЙН МЕНДЕЛИЙН ИХ СУРГУУЛЬ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ОЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨСЛИЙГ УДИРДАЖ БАЙНА
Элчин сайд Д.Гансүх Өмнөд Морав аймагт ажиллах үеэрээ Брно хот дахь Менделийн Их сургуульд зочилж, тус сургуулийн захирал Ян Мареш, Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Иржи Складанка нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав. Уулзалтаар монголын тал хоёр улсын их, дээд сургуулиуд хооронд шууд хамтын ажиллагаа хөгжүүлж, оюутан солилцоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Мөн үеэр Менделийн Их сургуулийн Ой болон модны технологийн тэнхимийн багш, төслийн удирдагч Ян Шебеста тэргүүтэй судлаачид тус сургуулийн удирдлага дор Монголд хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төслийн ойн дэд төслийн талаар танилцуулсан бөгөөд цаашид хөдөө аж ахуй, тал, бэлчээрийн судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Судлаачид 2022 онд 2 удаа Монголд очиж ажилласан юм.
STREAM төслийн хүрээнд манай улсын 6 сумын нутаг дэвсгэрт судалгаа явуулж, Монголын ой модны судалгаа, хамгаалалт, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Энэхүү төсөлд Монгол, Чех, Словак, АНУ, Герман, Румын, Финланд улсын 12 их, дээд сургууль консорциум байгуулан оролцож байна. Элчин сайд Менделийн Их сургуулийн Монголд ойн чиглэлээр олон жил ажилласан туршлага, ноу хауг үндэслэн энэ чиглэлийн хамтын ажиллагааг цаашид урт хугацаанд хөгжүүлж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Мөн ЕХ ойг хамгаалах, сэргээх, ой ашиглалт, ойн тогтвортой менежментийг эдийн засгийн ашигтай хэлбэрээр хөгжүүлэх зорилго бүхий “Ойн түншлэл”-ийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах болсныг мэдээлж, эдгээр цогц арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.