МОНГОЛ, ЧЕХИЙН ТАЛУУД ОЙН САЛБАРТ ТҮНШИЛЖ БАЙНА
Энэ сарын 16-нд Чех улсын Брно хот дахь Менделийн Их сургууль дээр “Монголын ойн менежментийг тогтвортой хөгжүүлэх тухай” судалгааны үр дүнг танилцуулсан эрдэм шинжилгээний хурал болов.
Бага хуралд Менделийн их сургуулийн Ойн факультетын багш судлаачид, оюутнууд оролцож, тус их сургууль тэргүүтэй олон улсын их, дээд сургуулиудын концерциумаас 2022-2024 онд хэрэгжүүлсэн “Монголын экосистем, ХАА-н менежментийг тогтворжуулах нь” буюу STREAM төслийн үр дүнг танилцуулж, 15 илтгэл хэлэлцүүлж, төслийн тухай баримтат кино үзүүлэв. Төслийн үр дүнгийн тухай илтгэл, ойг хамгаалах, ойжуулалттай холбоотой олон нийтийн мэдлэг, боловсрол, хандлагыг хэвшүүлэхтэй холбоотой гарын авлага гаргасан байна.
Хурлын нээлтэд Элчин сайд Д.Гансүх, Менделийн Их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Дэд захирал, профессор Ийржи Складанка нар оролцсон бөгөөд Элчин сайд энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй Менделийн Их сургуулийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Европын Холбооны Ойн түншлэлийн хүрээнд ойжуулалт болон цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлж ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЧУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон Иж бүрэн түншлэлийн тухай тунхаглалд дурдсаныг тэмдэглэж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд Менделийн ИС-тай явуулж буй хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцлов.
Товч лавлагаа:
- Манай улсын газар нутгийн 7.9% буюу 16.8 сая га газрыг ой эзэлж байна.
- Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030 хөтөлбөрт ойн бүрхцийг нийт газар нутгийн 9 хувьд хүргэх зорилт тавьсан.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” өрнөж байна.
- Монгол Улс нь Европын Холбоотой Ойн түншлэлийн тухай санамж бичиг байгуулсан Ази, Номхон далайн бүсийн анхны улс болсон. Санамж бичгийг хэрэгжүүлэх “Замын зураглал”-д 21 зорилт бүхий 67 үйл ажиллагаагааг үе шаттайгаар тусгажээ.
- Манай улсын ойн салбар нь ДНБ-ний 0.3%-ийг бүрдүүлдэг.
- Ойн аж ахуйд 10,000 орчим хүн ажиллаж байна.