images

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ БРНО ХОТОД АЖИЛЛАЛАА

Үйл явдлын мэдээ

2025-04-08

28

ЭСЯ-наас 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Брно хотод ажиллаж, тус хот, бүс нутагт аж төрж буй иргэдийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар Элчин сайд Д.Гансүх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех улсад хэрэгжүүлсэн төрийн айлчлалын үр дүн, ач холбогдлын талаар мэдээлж, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд ЭСЯ-наас хийж хэрэгжүүлсэн болон төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, иргэдийн санал, бодлыг сонсож, нээлттэй ярилцав.
 
ЭСЯ-наас "Хос багана" ТББ-тай хамтран зохион байгуулдаг сэтгэлзүйн эрүүл мэнд, стрессийг даван туулах, урьдчилан сэргийлэх арга замын талаарх цуврал сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг "Хос багана" ТББ-ын тэргүүн, лектор Т.Мөнх-Эрдэнэ явуулж, стресс, сэтгэл гутралын үед илрэх шинж тэмдгүүд, тэдгээрийг даван гарах арга замын талаар зөвлөгөө өгөв.
 
 
ЭСЯ-наас иргэдэд явуулын консулын үйлчилгээг үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг сонсч, сонирхсон асууултад хариулав.
 
 
Мөн Элчин сайд Д.Гансүх Брно хот дахь автомашины хуванцар эд анги үйлдвэрлэгч “Megatech Industries Brno” үйлдвэрийн захирал Ян Худактай уулзав. Тус үйлдвэрт манай улсын 30 гаруй иргэн ажиллаж байгаа бөгөөд тэднийг үйлдвэртээ тогтвор суурьшилтай ажилладаг, чадварлаг ажилтнууд гэж удирдлага нь үнэлж байв.
 
 
Эдгээр арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Брно хотод оршин суугч иргэн Д.Цэнд-Аюуш болон арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцсон нийт иргэддээ ЭСЯ-наас дахин талархал илэрхийлье.