images

ЧЕХ ДЭХ МОНГОЛЧУУДЫН “ХАВРЫН БАЯР” СПОРТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Үйл явдлын мэдээ

2025-03-31

29

Чех улсад аж төрж буй монголчуудын уламжлалт “Хаврын баяр”-ын 27 дахь удаагийн спортын тэмцээн 2025 оны 3 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Прага хотод амжилттай болж өндөрлөлөө.
 
 
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 3 дугаар сарын 29-нд болж Элчин сайд Д.Гансүх болон тус “Хаврын баяр” тэмцээнийг анх санаачлан зохион байгуулж байсан монголч эрдэмтэн, доктор Иржий Шима нар нээлтийн ёслолд оролцож үг хэлэв. Элчин сайд Д.Гансүх хэлсэн үгэндээ, Чех дэх монголчуудын “Хаврын баяр” спортын тэмцээн жилээс жилд өргөжин тэлж, 27 жилийн дотор тэмцээнд оролцогч багуудын тоо 8-аас 68 болсон нь үүний тод илрэл болохыг тэмдэглэв. Тэрбээр мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болсныг мэдээлж, энэ жил тохиож буй Монгол, Чех улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд соёл, урлагийн олон чухал арга хэмжээ зохиогдож байгааг тэмдэглэв. Доктор Иржий Шима хэлсэн үгэндээ, Чех улсад ажиллаж сурч байсан монголчуудын санаачлагыг Монголын Анд нөхдийн нийгэмлэг дэмжиж, анх 1997 онд “Хаврын баяр” тэмцээн спортын 5 төрлөөр зохион байгуулж эхэлснийг дурдаж, Монголын Анд нөхдийн нийгэмлэгийн "Шандас", Либерец хотын "Ирвэс", докторантуудын "Туушин", ажиллагсдын "Хурд" зэрэг эрэгтэй, эмэгтэй нийт 8 баг оролцож, анхны цомыг “Хурд” баг хүртэж байсныг дурсаж, энэхүү тэмцээнийг тасралтгүй эв нэгдэлтэй зохион байгуулж, идэвхтэй оролцож байгаад таатай байгаагаа илэрхийлэв. Монголын Анд нөхдийн нийгэмлэг 2025 онд 35 жилийн ойтойгоо золгож байна.
 
 
Европ дахь монголчуудын дундах спортын ууган тэмцээн болох “Хаврын баярын” тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр сагсан бөмбөг, волейболын спортоор амжилттай хичээллэж, болзол шалгуурыг хангасан зарим тамирчинд Спортын цол, зэрэг олгосныг гардуулав. Мөн Чех улсад ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа сайн сайхны төлөө анхаарч, зөвлөж чиглүүлж, тусалж дэмждэг зарим иргэн, хамт олны идэвх чармайлтыг сайшаан ЭСЯ-ны Өргөмжлөлөөр шагнав.
 
“Хаврын баяр” тэмцээнд 3 жил дараалан (2022-24) түрүүлж, ЭСЯ-ны шилжин явах цомыг хадгалах болсон “Уухай” багт хадгалагдан үлдэх дурсгалын цом, батламжийг Элчин сайд Д.Гансүх нээлтийн үйл ажиллагааны үеэр гардуулав.
Сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, ширээний теннис, шатар гэсэн спортын 5 төрлөөр 3 өдөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс шатрын тэмцээнд М.Өнөрбаяр алтан медаль, “Foxconn” багийн Б.Ганбаатар мөнгөн медаль авч, “Прага” багийн У.Амартүвшин хүрэл медалийн эзэд болцгоов. Мөн шатрын тэмцээнд оролцсон 19 шатарчнаас хамгийн өндөр оноо авсан эмэгтэй шатарчнаар “Прага” багийн Д.Анунгоо, “Писек” багийн Г.Даваажаргал болон З.Долгормаа нар шалгарч, медаль, өргөмжлөлөөр шагнагдав. Тэмцээний хамгийн бяцхан оролцогчоор “Уран мад” клубын шатарчин 6 настай Д.Сайнбаяр тодров. Энэ удаагийн шатрын тэмцээнийг Олон улсын шатрын холбооны шүүгч Ш.Дэлгэрдалай шүүн явуулсан бөгөөд тэмцээний мэдээлэл Олон улсын шатрын холбоо ФИДЕ-гийн албан ёсны цахим хуудсанд бүртгэгдэж, шатарчдын болон тэмцээний мэдээлэл байршсан нь энэ удаагийн тэмцээний бас нэгэн онцлог явдал байлаа.
 
Эрэгтэй ширээний теннисний төрөлд “Писек” багийн Б.Цолмон, “ILT” багийн О.Алтансүх, “Шинэ эрин” багийн Г.Эрдэнэбат, эмэгтэй төрөлд “Уухай” багийн О.Болормаа, “Abydos” багийн Л.Шоовдор, “Прага” багийн н.Халиун нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
 
Хөлбөмбөгийн төрөлд 7 баг өрсөлдсөнөөс “Abydos” баг түрүүлж, “Foxconn” баг мөнгө, “Мост” баг хүрэл медалийн эзэд боллоо. Тэмцээний мэргэн буучаар “Abydos” багийн Э.Тэмүүлэн, шилдэг хаалгачаар “Foxconn” багийн Г.Эрдэнэшагай нар шалгарч, медаль, өргөмжлөл болон ивээн тэтгэгчийн гарын бэлгээр шагнагдав.
 
Эрэгтэй волейболын төрөлд өрсөлдсөн 15 багаас “ILT”, “Foxconn”, “Futaba” багууд, эмэгтэй төрөлд өрсөлдсөн 14 багаас “Foxconn”, "ILT", “Уухай” багууд тус тус эхний байруудад шалгарав. Волейболын төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд шилдэг холбогчоор "ILT" багийн Г.Анужин, шилдэг хамгаалагчаар “Уухай” багийн н.Бөртэ-Үжин, үнэ цэнэтэй тоглогчоор “Foxconn” багийн н.Энхлэн нар шалгарсан бол эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг холбогчоор “Foxconn” багийн н.Даваасүрэн, шилдэг хамгаалагчаар “Futaba” багийн Э.Энхболор, үнэ цэнэтэй тоглогчоор “ILT” багийн С.Дөлгөөн шар шалгарч, медаль, өргөмжлөл болон ивээн тэтгэгчийн гарын бэлгээр шагнагдав.
 
Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдсөн 21 багаас “Emust”, “Foxconn”, “Abydos” багууд, эмэгтэй төрөлд өрсөлдсөн 11 багаас “Abydos”, "Morava", “Хийморь” багууд тус тус эхний байруудад шалгарав. Сагсан бөмбөгийн төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд шилдэг холбогчоор "Morava" багийн Б.Отгондаваа, үнэ цэнэтэй тоглогчоор “Abydos” багийн О.Мөнхзаяа нар шалгарсан бол эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг холбогчоор “Abydos” багийн Э.Билгүүн, үнэ цэнэтэй тоглогчоор “Emust” багийн Д.Амарсанаа шар шалгарч, медаль, өргөмжлөл болон ивээн тэтгэгчийн гарын бэлгээр шагнагдав.
 
“Хаврын баяр” спортын тэмцээнд бүтэн багаараа буюу спортын 5 төрлөөр ЭСЯ-ны шилжин явах цомын төлөө 6 баг өрсөлдөж, бага онооны системээр ялагчийг тодруулахад “Уухай” баг 41 оноогоор гуравдугаар байр, “Abydos” баг 26 оноогоор хоёрдугаар байрт шалгарсан бол “Foxconn” баг 24 оноогоор “Хаврын баяр” тэмцээний тэргүүн багаар шалгарч, ЭСЯ-ны шилжин явах цомын эзэн боллоо.
 
27 дахь удаагийн “Хаврын баяр” спортын тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажилласан М.Цасцэцэг Л.Ганбаатар ахлагчтай “ILT” баг, хамтран ажилласан Чех улсад суралцагч оюутан залуучуудын, дэмжиж ажилласан болон ивээн тэтгэсэн “Gobi-Altai”, “UB”, “U mart”, “UA properties”, “Arvin”, “Submarine” компани, хувь хүмүүст талархал илэрхийлье.
 
Манай иргэд “Хаврын баяр”-таа олноороо ирж, багаа дэмжиж, хоорондоо уулзаж, монгол үндэсний хоолоо зооглож, баяр хөөртэй наадлаа. Хаврын баяртаа оролцсон бүх баг, тамирчид, олон зуун хөгжөөн дэмжигчдэдээ дахин талархал илэрхийлж, амжилт хүсье.