images

МОРИН ХУУРЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭД “СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГИЙГ ГАРДУУЛАВ

Үйл явдлын мэдээ

2025-03-31

24

Элчин сайд Д.Гансүх Прага хотноо болсон 27 дахь удаагийн “Хаврын баяр” спортын тэмцээний нээлтийн ёслолын үеэр Чех улсын Мост хот дахь “Ивээлт” морин хуурын сургалтын төвийн багш, морин хуурч Цогтбаярын Мөнх-Эрдэнэд Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, үнэмлэхийг гардуулж, баяр хүргэлээ.
 
 
Морин хуурч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2015 онд Соёл урлагийн их сургуулийг морин хуурч мэргэжлээр төгссөн бөгөөд 2015-2021 онд Дундговь аймгийн Төв халхын Дуулалт жүжгийн театрт гоцлол хөгжимчнөөр ажиллаж байгаад 2021 оноос хойш Чех улсад ажиллаж, амьдарч байна. Тэрээр зарим нөхдийн хамт 2024 оны 2 дугаар сараас Мост хотод “Ивээлт” морин хуурын сургалтын төвийг санаачлан байгуулж, хүүхэд багачуудад морин хуур хөгжмийг зааж сургаж байна.
 
“Ивээлт” морин хуурын сургалтын төвийн морин хуурч хүүхдүүд анхны тайлан тоглолтоо 2024 оны 5 дугаар сард “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан ЭСЯ-нд хийж байснаас хойш Прага хотноо зохион байгуулдаг үндэсний урлаг, соёл, хоолыг сурталчилдаг "Festival of Embassies” өдөрлөг, Чех, Словак дахь Монголчуудын “Миний Монгол наадам”, Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг арга хэмжээнд ЭСЯ-тай хамтран оролцож, уран бүтээлээ толилуулж ирлээ.
 
 
 
“Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнуулсан морин хуурч Ц.Мөнх-Эрдэнэ болон шавь нарт нь морин хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулах, сургах үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.