images

ЧЕХ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2025-03-28

20

Элчин сайд Д.Гансүх Чех улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны газрын захирал Ярослав Заийчектэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн төрийн айлчлалын үр дүн, айлчлалын үеийн яриа хэлэлцээ, уулзалтуудаар хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох талаар санал солилцов.
 
Элчин сайд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн энэхүү дээд түвшний айлчлалыг амжилттай зохион байгуулахад бүх талаар хамтран ажилласанд талархал илэрхийлэв.  Айлчлалаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны бүхий л асуудлаар санал солилцон, салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, улмаар харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд  явуулахаа тунхагласан зэрэг чухал үр дүн гарсныг харилцан тэмдэглэв.  
 
Айлчлалын үеэр албан ёсны уулзалтуудаас гадна бизнес, соёл, урлагийн томоохон арга хэмжээнүүд зохион байгуулж, улс орноо сурталчилж, талуудын харилцаа хэлхээ холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байв. Элчин сайд бизнесийн форумын үр дүнг онцлохын зэрэгцээ ирэх 8 дугаар сарын 25-26-нд Улаанбаатар хотноо болох Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын талаар мэдээлж, энэхүү арга хэмжээнд чехийн эмэгтэй бизнес эрхлэгчдийг урьж байгааг мэдээлэв.