ЭСЯ ОЛОН УЛСЫН ХАНДИВЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Тус ЭСЯ Чех улс дахь ДТГ-ын Тэргүүнүүдийн гэргий нарын Нийгэмлэгээс зохион байгуулдаг уламжлалт олон улсын хандив, сурталчилгааны өдөрлөгт амжилттай оролцлоо. Өдөрлөг 2024 оны 12 дугаар сарын 1-нд “Prague Congress Centre”-д зохион байгуулагдаж, Чех улсын Төлөөлөгчийн Танхимын Ерөнхийлөгч хатагтай Маркета Пекарова Адамова, Прага хотын дарга Бохуслав Свобода, Прага 4 дүүргийн дарга Онджей Кубин нар хүндэт зочноор оролцов.
Өдөрлөгөөр улс орнууд үндэсний бараа бүтээгдэхүүнээ сурталчлан худалдаалж, соёл урлагийн тоглолт зохион байгуулав. ЭСЯ өөрт ногдсон талбайг улс орноо сурталчлахад зориулж, үзүүлэнг зассан бөгөөд Чехэд аж төрдөг монгол зураач, Соёлын тэргүүний ажилтан С.Нямдоржийн уран бүтээлээс байрлуулж, олны хүртээл болголоо.
Энэ жилийн хандивын өдөрлөгт Чехэд гэр бүлийн хамт аж төрж буй иргэн Х.Очирсүхийн үүсгэн байгуулсан хонины ноосон оймс үйлдвэрлэгч “O&M” компани, хувиараа бизнес эрхлэгч, үндэсний дээл хувцас, гоёл чимэглэл урлаач иргэн Г.Ичинхорлоо, эсгий эдлэл урлаач Д.Нарандэлгэр нар оролцож, бүтээгдэхүүнээ борлуулав.
Тус өдөрлөгийн урлаг, соёлын хөтөлбөрт ЭСЯ-наас язгуур урлагийн үзүүлбэрүүд оруулж, морин хуурын Ивээлт сургалтын төвийн багш Ц.Мөнх-Эрдэнэ, хөөмийч Б.Хосбаяр нарын уран бүтээлчид “Хартай сарлаг”, “Морьтон монгол” болон “Түмэн агтын төвөргөөн” аяыг хуурдан хөөмийлөв.
Өдөрлөгт 50 орны ДТГ үндэсний соёл, урлагийн тоглолт үзүүлж, бараа болон хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарган оролцсон бол 4500 орчим хүн зочилжээ.