ШАГАЙН ХАРВААНЫ “ЧЕХИЙН ЦОМ” ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЭСЯ, Чех улс дахь Монголын шагайн харвааны салбар холбоотой хамтран “Чехийн цом” шагайн харвааны тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Монгол үндэсний шагайн харваа ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэгдсэний 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээнд Европын 9 улсын 16 багийн 130 гаруй харваач цэц мэргэнээ сорив.
Элчин сайд Д.Гансүх тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газрын “Монгол Үндэстний Үнэлэмж”, “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн шагайн харвааг олон улсад сурталчлах, хүүхэд багачууддаа уламжлуулж өвлүүлэхэд энэ удаагийн тэмцээний зорилго, ач холбогдол оршиж байгааг тэмдэглээд үндэснийхээ ёс заншил, соёл, уламжлалыг тээж яваа шагайн харваачдад талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Тэмцээний багийн төрөлд францын “Чандмань” баг түрүүлж, ЭСЯ-ны цомыг гардан авав. Удаахь байрыг австрийн “Соёмбо”, чехийн “Хүннү” багууд эзэллээ. Хувийн цуваа харваанд “Чандмань” багийн харваач Т.Пүрэвсүх тэргүүн байр, “Соёмбо” багийн харваач Д.Сайнбаяр дэд байр, “ММ-Транс” багийн харваач В.Дэлгэр гутгаар байранд тус тус шалгарч ЭСЯ-ны Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэд болцгоов. Мөн дүүжин харвааг оносон “Хүннү” багийн харваач Э.Баярхүү шилдэг харваачаар шалгарлаа.
"Чехийн цом" тэмцээн анх 2015 онд Бланско хотноо гараагаа эхэлж байсан бол 2022 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулагдаж байна.