“ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗЛАА
ЭСЯ-наас 2024 оны 11 дүгээр сарын 23-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” хөтөлбөрөөр Чех улсын Карлын Их сургуулийн Подебрад дахь Хэл, мэргэжлийн сургалтын төвд чех хэлний бэлтгэлд суралцаж буй оюутнуудтай болон багштай нь уулзаж ярилцлаа. Манай оюутнууд орчин нөхцөлдөө сайн дасч, хичээл сурлагадаа шамдан суралцаж байгаагаа ярьсан бол сургалтын төвийн багш Лукаш Ваноуш үүнийг нотолж, манай оюутнуудыг чех хэлийг сайн сурч байгаа, хичээлдээ идэвхтэй, гэрийн даалгавраа тогтмол хийдэг гэж сайшаан ярьж байна.
Уулзалтад “Илгээлт-2100” хөтөлбөрөөр 2023 онд ирж, Чехийн Техникийн Их сургуульд суралцаж буй зарим оюутан оролцож, өөрсдийн туршлага, суугаа улсын нийгэм, соёлын талаарх мэдээллээ хуваалцаж, их сургуулийнхаа тухай танилцуулга хийв.
Оюутнууд чех хэлний “В2” түвшинтэй хэлний бэлтгэлээ төгсөн 2025-2026 оны хичээлийн жилээс Чехийн их сургуулиудад компьютер, уул уурхай, архитектур, статистик зэрэг Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа мэргэжлээр суралцах юм. Чех улсад “Илгээлт-2100” хөтөлбөрөөр 29 оюутан суралцаж байгаа бол гол төлөв хувиараа Карлын Их сургууль, Техникийн Их сургууль, Хими, технологийн Их сургууль, Хөдөө аж ахуйн Их сургууль зэрэг нэр хүндтэй их, дээд сургуульд манай наяад оюутан сурч байна.
Чех улсын их, дээд сургуулиудад сурч буй оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье.