СТРЕСС, СЭТГЭЛ ГУТРАЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
ЭСЯ-наас “Хос багана” ТББ-тай хамтран "Сэтгэлзүйн эрүүл мэнд ба стресс, сэтгэл гутралыг давах туулах арга зам" сэдэвт сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 23-нд Хавличкув Брод хотод зохион байгууллаа. Сургалтыг “Хос багана” ТББ-ын тэргүүн, сэтгэл зүй, гэр бүлийн лектор Т.Мөнх-Эрдэнэ, гэр бүлийн зөвлөгч, лектор Д.Одонтөгс нар удирдан явууллаа. Лекторууд стресс, сэтгэл гутралтай холбоотой онол, тэдгээрийн шинж тэмдгүүдийн талаар ерөнхий мэдээлэл өгч, гадаадын улс орнуудад сурч, ажиллаж байхдаа өөрсдөд тохиолдож байсан сорилт, бэрхшээлүүд, гэр бүлийн асуудлууд, тэдгээрээс үүдэн үүссэн стресс, сэтгэл гутралыг даван гарсан тухайд хуримтлуулсан туршлага, сургамжаас хуваалцаж, ярилцсан нь онцлог байв. Ялангуяа монголчуудад түгээмэл тохиолддог стрессийн шалтгаануудын талаар ярьж, стресс, сэтгэл гутрал нь хэнд ч хэзээ ч тохиолдож болох тул санаа зоволгүй нөхцөл байдлыг нээлттэй ярилцаж, аль болох эртнээс даван туулах нь чухал болохыг зөвлөж, оролцсон хүмүүсийн асуултад хариулж, зөвлөгөө өгөв.
Тус ЭСЯ энэхүү цуврал сургалтыг өмнө нь Пардубице, Мост, Плзен хотуудад зохион байгуулсан бөгөөд дараа дараагийн сургалтын талаарх мэдээллийг жич хүргүүлнэ.
Мөн өдөр ЭСЯ-наас иргэдэд явуулын консулын үйлчилгээ үзүүлэв.
Энэ удаагийн сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан “Futaba Czech” компанийн хамт олон, хэлмэрч, орчуулагч Э.Бөхбилэгт болон хүрэлцэн ирсэн иргэддээ талархал илэрхийлж, сайн сайхныг ерөөе.