images

Иргэдийн анхааралд

Үйл явдлын мэдээ

2022-03-13

205

Монголчууд бид аливаа гамшиг, эрсдлийг даван туулах тухайд ямагт бэлэн байхыг санаж, түүнийгээ “... гамшиг, зовлон, өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг” гэсэн хэлц үгээр илэрхийлдэг. Тэгвэл та бүхэн энэ хэлцийг дахин дахин тунгаан үзээд, БИ, БИД, МАНАЙ ГЭР БҮЛ, МАНАЙ ХАМТ ОЛОН, ХАМТ АЖИЛЛАГСАД маань гэнэтийн аюул, эрсдэлд хэр бэлэн билээ гэдгээ бодож үзээрэй. КОВИД-19 цар тахлын сургамж юу байв? Гэнэт гамшиг, осол тохиолдвол, онцгой нөхцөл байдал үүсвэл хэрхэх билээ? Хаана хандах билээ? гэх мэт энгийн асуултуудыг өөртөө тавьж үзэх нь зүйтэй. Үйлдвэр, аж ахуйн газруудад олноороо ажиллаж байгаа хүмүүс маань байгууллагынхаа осол, аюулгүйн дүрэм журам, хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайн хангаж ажиллаж байгаа гэж бодож байна.

Гэвч асуудал хувь хүн, гэр бүлийн түвшинд үүсвэл хэрхэх вэ гэдгийг бодож төлөвлөж байгаарай гэж хэлэх байна. Хамгийн түрүүнд хүчин төгөлдөр бичиг баримттай байх учиртай. Хүчин төгөлдөр гадаад паспорт, ажлын газрын үнэмлэх, чухал хэрэгцээтэй утас гэх мэт зүйлсийг биедээ авч явбал зохилтой.

Ер нь тэгээд гадаадад яваа хэн ч бай ар гэр, аав, ээж, ахан дүүс, төрөл төрөгсөдтэйгээ холбогдож, мэнд амраа мэдэлцэж байвал хэн хэн нь хаа хаанаа сэтгэл түвшин байдаг билээ.

Мэдэж байхад илүүдэхгүй гэж үзээд зарим тодорхойлолт тавилаа. Хуулийн нэр томьёо юм. ℹ“гамшиг” гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ.

ℹ"аюулт үзэгдэл" гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг хэлнэ.

ℹ"осол" гэж уул уурхай, үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж ноцтой эвдрэх, нурах, тээврийн хэрэгсэл осолдох, сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах, дэлбэрэлт болох зэргийг хэлнэ.

ℹ"аюул" гэж хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй аюулт үзэгдэл, осол, хүний буруутай үйл ажиллагааг хэлнэ.

ℹ"гамшгийн онцгой нөхцөл байдал" гэж аюулт үзэгдэл, ослоос үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн байгаа орчин, дэд бүтцэд ноцтой хохирол учруулж, хүн-нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагаа алдагдахыг хэлнэ.