images

Элчин сайд Д.Гансүх Прага хотын Амьтны хүрээлэнгийн захиралыг хүлээн авч уулзав

Үйл явдлын мэдээ

2021-11-13

171

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Д.Гансүх Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал М.Бобекыг 11 дүгээр сарын 12-ны өдөр ЭСЯ–нд урьж уулзав. М.Бобек Прага хотын амьтны хүрээлэнгээс тахийг эх нутагт нь нутагшуулах төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бусад төсөл, хөтөлбөрийн тухай танилцуулав. Тэрбээр тахийг нутагшуулах төсөлд чехийн тал өндөр ач холбогдол өгч ирснийг нотлохын зэрэгцээ Прага хотын амьтны хүрээлэн нь байгаль орчин, ан амьтдыг хамгаалах, ялангуяа тахийг эх нутагт нь нутагшуулахад онцгой гавъяа байгуулсныг үнэлж, Дэлхийн амьтны хүрээлэн, аквариумын холбоо (WAZA), “Ан, амьтан хамгааллын шагнал” (WAZA Conservation Award) –аа өгснийг хамтын ажиллагааны тод илрэл гэж ярив.

Элчин сайд Д.Гансүх Прага хотын амьтны хүрээлэн нь тахийг эх нутагт нь нутагшуулахад онцгой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэж, энэхүү төсөл нь Монгол, Чехийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болтлоо нийтэд танигдсаныг дурдаж, энэхүү төслөө амжилттай үргэлжлүүлэх, улмаар Монгол орны бусад нэн ховордсон амьтдыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд тахийг Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт шилжүүлэн байршуулах төсөл, хавтгай, бөхөн, мазаалай зэрэг нэн ховордсон амьтдыг хамгаалах асуудлаар санал солилцов.

Прага хотын Амьтны хүрээлэн 1933 оноос эхлэн тахийг өсгөн үржүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж эхэлсэн бөгөөд 1959 оноос тахийн удмын сангийн бүртгэл, мэдээллийг хөтөлж ирсэн нь өнөөдөр тахийг унаган байгальд нь эргүүлэн нутагшуулах, хамгаалахад чухал ач холбогдолтой өв болон үлджээ. Тус амьтны хүрээлэн 2011 оноос өөрсдийн санхүүжилт, хандивын тусламжтайгаар 34 тахийг Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт эргэн нутагшуулсан байна.

Элчин сайд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Прага хотын амьтны хүрээлэн, Монгол шуудан ХК-ийн хамтран гаргасан тахийн сүрэг бүхий “Прага хотын амьтны хүрээлэн-Зүүн гарын говь” сэдэвт маркны эх хувийг ноён Мирослав Бобект дурсгав.