images

МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТББ, СУРГАЛТЫН ТӨВҮҮД, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2024-10-29

132

Энэ өдрүүдэд ГХЯ-ны Консулын газрын төлөөлөл Прага хотноо ажиллаж байгаа бөгөөд 10 дугаар сарын 27-ны өдөр Чех улс дахь монгол иргэдийн үүсгэл, санаачилгаар байгуулагдсан холбоо, ТББ, иргэдийн төлөөлөлтэй ЭСЯ-нд уулзаж,  Засгийн газрын Дэлхийн Монголчууд - II” цогц арга хэмжээний хэрэгжилтийг хангах, үр өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар ярилцлаа.
 
 
Уулзалтын үеэр ГХЯ-ны КГ-ын зөвлөх О.Эрдэнэсамбуу Дэлхийн Монголчууд - II” цогц арга хэмжээний талаар мэдээлж, Засгийн газраас хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй монгол хэл, соёлын сургууль, сургалтын төвүүдийг дэмжих, хүүхэд багачуудад монгол соёл, уламжлал, зан заншлыг түгээхэд анхаарч ажиллаж байгааг тэмдэглэж, энэ чиглэлээрх хамтын ажиллагааны санал, санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн бөгөөд аливаа арга хэмжээнд хүүхэд, багачуудыг оролцуулж байхын ач холбогдлыг онцлов. Мөн нэг улсад ажиллаж буй холбоод, ТББ-ууд болон урлаг, спорт, иргэдийн төлөөлөл сайн дурын үндсэн дээр нэгдсэн бүтэцтэй болж, чингэхдээ тус тусын үйл ажиллагаагаараа биесээ харилцан дэмжиж ажиллаж, үр дүнд хүрч буй туршлагын талаар ярьж өгөв.  
 
Уулзалтад оролцогчид өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулж, хэрэгжүүлэхээр зорьж буй ажил арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудынхаа талаар мэдээлж, нээлттэй ярилцаж, санал солилцов.
 
Уулзалтад “Монголчуудын нэгдэл”, "Монгол Чех Залуусын ирээдүй хөгжил", “Ричмон”, “Монголнет”, “Ширмэл зодогтон”, “Чех улсад суралцагч оюутан залуучуудын холбоо”, “Европын Холбооны улсууд дахь Монголын үндэсний сур харваачдын холбоо”, "Гэрэлт-ирээдүй" сургалтын төв, “Ивээлт” морин хуурын төв зэрэг холбоо, ТББ, сургалтын төвүүд, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцов.
 
Өнөөдөр Чех улсад манай 14000 шахам иргэн аж төрж, сурч боловсорч, ажил хөдөлмөр эрхэлж байна. Түүний 4000 шахам нь 16 нас хүртэлх насныхан юм.
 
Цаг зав гарган уулзалтад оролцсон Та бүхэнд дахин талархаж, амжилт хүсье.