images

ПРАГА ХОТЫН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН ТАХИЙН УДМЫН САНГИЙН БҮРТГЭЛИЙГ 1959 ОНООС ХОЙШ ХӨТӨЛЖ БАЙНА

Үйл явдлын мэдээ

2024-09-30

41

Элчин сайд Д.Гансүх 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Прага хотын Амьтны хүрээлэнгийн 93 жилийн ой, Прага хотноо болсон Тахийг хамгаалах олон улсын анхдугаар симпозиумын 65 жилийн ойн арга хэмжээнүүдэд оролцов. Нээлтийн ёслолд Прага хотын дарга Бохуслав Свобода, Хотын даргын орлогч Яна Комрскова, Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек, Олимпын аварга Давид Свобода зэрэг албаны хүмүүс байлцав.
 
 
Эдгээр арга хэмжээнүүд өнгөрөгч 3 дугаар сард нээлтээ хийсэн Говь” үзвэрийн дэргэд болж, монгол гэрт дээр дурдсан симпозиумын тухай болон удмын сангийн бүртгэлийн талаарх гэрэл зураг, мэдээллийг гаргасан байна. Элчин сайд “Прага хотын Амьтны хүрээлэн тахийн удмын сангийн бүртгэлийг 1959 оноос хойш тасралтгүй хөтөлж ирсэн нь дэлхийн байгаль хамгаалах өв соёлд оруулж буй үнэтэй хувь нэмэр, онцгой гавьяатай үйл хэрэг” болохыг тэмдэглэж, хамтын ажиллагаанд талархаж байгаагаа илэрхийлэв.
 
 
 
Прага хотын Амьтны хүрээлэн нь 2011-2019 оны хугацаанд нийт 34 тахийг 8 удаа тээвэрлэн Говийн дархан цаазат газрын Б хэсэгт нутагшуулсан бөгөөд одоо тоо толгой 150 орчим болсон байна. Улмаар манай улсын зүүн тал, тухайлбал Нөмрөгийн дархан цаазат газрын орчим Сүмийн хоолойд тахийн сүргийг сэлгэн нутагшуулах төслийг эхлүүлээд байна. Амьтны хүрээлэнгийн тасалбар бүрээс 8 кроныг Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах” төслийг санхүүжүүлэхэд зарцуулдаг байна.
 
Өдгөө манай улсын Хустайн нуруу, Хомын тал, Тахийн тал гэсэн нутгуудад 760 орчим тахь нутаглаж байна.