images

ДАРХАН АВАРГА Ж.МӨНХБАТЫН НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ПРАГА ХОТНОО БОЛЛОО

Үйл явдлын мэдээ

2024-09-24

52

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга Ж.Мөнхбат агсаны нэрэмжит Европын аварга шалгаруулах Үндэсний бөхийн цомын төлөөх анхдугаар тэмцээн Прага хотноо 2024 оны 9 дүгээр сарын 21-22-нд амжилттай болж өндөрлөлөө. МҮБХ, “Хакухо сан”, МҮБХ-ны Европ дахь Салбар холбоо, Чехийн Үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” ТББ, ЭСЯ болон бусад түнш байгууллагууд хамтран зохион байгуулсан шилжин явах цомын төлөөх анхдугаар тэмцээнд Европын 9 улсын 64 бөх зодоглов.
 
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Элчин сайд Д.Гансүх болон Дархан аваргын гэргий Ө.Тамир гуай нар хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Дархан аваргын отгон хүү, мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал видео мэндчилгээ дэвшүүлэв.
 
Эхний өдөр болсон хүчит 64 бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 16 бөх барилдсан нь Европын улс орнуудад болдог үндэсний бөхийн барилдаан дундаас хамгийн өндөр чансаатай барилдаанд тооцогдож байна. Бөхийн барилдааны их шөвөгт Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн начин О.Пүрэвбаяр, Увс аймгийн Давст сумын харьяат сумын заан Д.Жамсрандорж, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат сумын заан Б.Энхбаяр, Орхон аймгийн Жаргалант сумын харьяат залуу бөх Э.Батбаяр нар шалгаран үлдсэнээс Аймгийн начин О.Пүрэвбаяр түрүүлж, шилжин явах цомын эзэн болсон бол залуу бөх Э.Батбаяр үзүүрлэв. Мөн уран барилдаантай бөхийн шагналыг Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат залуу бөх Г.Пүрэвбадам, уран гараа, дэвээтэй бөхийн шагналыг Итали улсын бөх М.Грегорий нар хүртлээ.
 
 
Хүүхдийн барилдаан бага болон ахлах насны ангиллаар болов. Бага насны ангилалд 18 бөх барилдсанаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат М.Билгүүдэй түрүүлж, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн харьяат Ж.Одбаяр үзүүрлэв. Ахлах насны ангилалд 8 бөх барилдсанаас Хэнтий аймгийн Баянмөнх сумын харьяат Б.Угтахбаяр түрүүлж, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Р.Тэнүүн үзүүрлэсэн бөгөөд хүүхдийн барилдаанд оролцсон хүүхдүүдийг МҮБХ-ны Европ дахь Салбар холбооноос батламж, дурсгалын зүйлээр урамшуулав.
 
 
Тэмцээний хоёр дахь өдөр болсон багийн барилдаанд 13 баг оролцсоноос Аваргын алтан медаль, шилжин явах цомын эзнээр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат сумын заан Д.Билэгт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат залуу бөх Э.Хосбаяр, Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат залуу бөх Т.Өгий нарын Чехийн 4 дүгээр баг тодорч, Увс аймгийн Давст сумын харьяат, сумын заан Д.Жамсрандорж тэргүүтэй Швейцарын баг мөнгөн медаль, Увс аймгийн Зүүнговь сумын харьяат сумын начин М.Цэндсүрэн тэргүүтэй Чехийн 3 дугаар баг хүрэл медаль хүртлээ.  
 
Тэмцээний үеэр Дархан аваргын амьдрал үйлсийг харуулсан түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлж, Дархан аваргын малгай, зодог, шуудгийг залж, бөхчүүд, бөх сонирхогчдод толилуулсан нь олны таашаалыг хүлээв. Мөн Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, сумын заан, бөх цоллооч, СТА Р.Банзар Дархан аваргын цолыг дуудаж, үзэгч олны сонорыг мялаав. 
 
 
Тэмцээний хөлийн цэцээр Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Улсын начин Б.Бадам-Очир, бөхийн засуулаар Үндэсний бөхийн Улсын ахлах засуул, бөх цоллооч Т.Хэнбат, тайлбарлагчаар Үндэсний бөхийн тэргүүн тайлбарлагч, СТА Ц.Батнасан нар хүрэлцэн ирж, хамтран ажиллав.
 
Ийнхүү Прага хотноо 2 өдөр үргэлжилсэн Дархан аваргын нэрэмжит үндэсний бөхийн тэмцээн амжилттай сайхан болж өндөрлөлөө. Тэмцээнийг зохион байгуулалцсан холбоо, ТББ, компани, нийт бөхчүүд, хүүхэд багачуул, ирж оролцсон иргэддээ талархал илэрхийлье.