images

ХАМТРАН АЖИЛЛАХ УРИАЛГА

Үйл явдлын мэдээ

2024-09-18

86

Засгийн газрын “Монгол үндэстний үнэлэмж” болон “Дэлхийн монголчууд II” цогц арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд тус ЭСЯ-наас Чех, Словак улсуудад аж төрдөг, үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж, ТББ-уудтай хамтран 2024 онд “Хаврын баяр” спортын өдөрлөг, “Уран нүүдэл” хүүхдийн шатрын тэмцээн, Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, “Festival of Embassies” соёлын өдөрлөг, Сар шинийн золголт-уулзалт, Үндэсний баяр наадам, Стресс, сэтгэл гутралыг даван туулах сургалт, иргэд, холбоод, ТББ-уудын нэгдсэн уулзалт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулаад байгаа билээ.
 
2024 оны 9 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд үндэсний бөхийн Европын аварга шалгаруулах барилдаан, “Монгол бахархал”-ын өдрийг тохиолдуулан хүүхдийн гар зураг, зохион бичлэгийн уралдаан, 2024 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд ЭСЯ-ны цомын төлөөх шагайн харвааны тэмцээн, Стресс, сэтгэл гутралыг даван туулах сургалт зэргийг иргэд, холбоо, ТББ-уудтай хамтран хийхээр төлөвлөөд байна. 
2025 онд Монгол Улс, Чех улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиох бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд Прага хотноо урлагийн тоглолт, Чингис Хаан олон улсын үзэсгэлэн гаргах, хоёр талын бизнес эрхлэгчдийн форум хийх зэрэг томоохон арга хэмжээнээс гадна Чех, Словак улсуудад аж төрж буй иргэдийн дунд зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээнүүдийг хийнэ. Тухайлбал, “Хаврын баяр” спортын өдөрлөг, “Уран нүүдэл” хүүхдийн шатрын тэмцээн, нэгдсэн Наадам, Монгол бахархлын өдөр гэх мэт. Мөн зургийн үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээ байж болох юм.
 
Иймд ЭСЯ-наас 2025 онд холбоод, ТББ-ууд, иргэдийн оролцоотой зохион байгуулах арга хэмжээнүүдийн зохион байгуулагчдыг сонгож, нэгдсэн хуваарь гаргахаар төлөвлөж байгаа тул эдгээр арга хэмжээг зохион байгуулах хүсэл сонирхолтой иргэд, холбоо, ТББ, аж ахуйн нэгж байгууллагуудын санал, хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд [email protected] цахим хаягаар хүлээн авна.
Холбоод, ТББ-ууд, иргэд санал, хүсэлтээ ирүүлэхдээ дараахь мэдээллийг тусгахыг хүсье. Үүнд:
 
  • Зохион байгуулах арга хэмжээний тухай танилцуулга, онцлог,
  • Зохион байгуулагчдын мэдээлэл, өөрсдийн давуу тал, туршлага,
  • Арга хэмжээний тов, байршил, төсөв санхүүгийн тооцоо, санхүүжилт босгох арга зам,
  • Зохион байгуулахад тулгардаг хүндрэл, асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам,
  • Тухайн арга хэмжээний ач холбогдлыг хэрхэн үзэж буй зэрэг болно.

Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Асуух тодруулах зүйл байх аваас [email protected] цахим хаяг руу бичээрэй.