СТРЕСС, СЭТГЭЛ ГУТРАЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
ЭСЯ-наас “Хос багана” ТББ-тай хамтран "Сэтгэлзүйн эрүүл мэнд ба стресс, сэтгэл гутралыг давах туулах арга зам" сэдэвт сургалтыг 2024 оны 9 дүгээр сарын 14-нд Плзен хотод зохион байгууллаа. Сургалтыг чех дэх “Хос багана” ТББ-ын тэргүүн, сэтгэл зүй, гэр бүлийн лектор Т.Мөнх-Эрдэнэ, гэр бүлийн зөвлөгч, лектор Д.Одонтөгс нар удирдан явууллаа. Лекторууд гадаадын улс орнуудад сурч, ажиллаж байхдаа өөрсдөд тохиолдож байсан сорилт, бэрхшээлүүд, тэдгээрээс үүдэн үүссэн стресс, сэтгэл гутралыг даван гарсан тухайд хуримтлуулсан туршлага, сургамжаас хуваалцаж, ялангуяа монголчуудад түгээмэл тохиолддог шалтгаануудын талаар ярив. Мөн стрессийг даван туулахад олон жил зарцуулдаг тул тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат хэрэгтэй байдгийг онцолж, хүмүүс нөхцөл байдлыг эрт ойлгосноор богино хугацаанд сэтгэл гутрал, сэтгэлийн хямралаа хэрхэн зөв шийдэх боломжтой болох талаар зөвлөж, оролцсон хүмүүсийн асуултанд хариулж, харилцан ярилцаж, зөвлөгөө өгөв.
Тус ЭСЯ энэхүү цуврал сургалтыг өмнө нь Пардубицэ, Мост хотуудад зохион байгуулсан бөгөөд дараа дараагийн сургалтын талаарх мэдээллийг жич хүргүүлнэ.
Мөн өдөр ЭСЯ-наас иргэдэд явуулын консулын үйлчилгээ үзүүлэв.
Энэ удаагийн сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан “Монголчуудын нэгдэл” ТББ-ын тэргүүн, хэлмэрч, орчуулагч Д.Ариунжаргал болон хүрэлцэн ирсэн иргэддээ талархал илэрхийлье.