images

ЧЕХ, СЛОВАК ДАХЬ МОНГОЛЧУУД “МИНИЙ МОНГОЛ НААДАМ”-АА ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭЛЭЭ

Үйл явдлын мэдээ

2024-07-17

265

Монгол Улсын Засгийн газрын “Монгол Үндэстний үнэлэмж”, “Дэлхийн Монголчууд - II” цогц арга хэмжээний хүрээнд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлын бэлгэдэл Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Чех, Словак улсуудад аж төрж буй монголчуудын “Миний Монгол наадам”-ыг эртний түүхт Ческий Штернберк цайз, Сазава голын дэргэдэх “Tábořiště u Karla” болон “Гэр кэмп” амралтын газрын талбайд 7 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулав.
 
 
“Миний Монгол наадам”-ыг ЭСЯ “Алтай.мн” компанийн хамт олон “Гэр кэмп” амралт, жуулчны бааз, “Eznis Airways” ХХК, “Foxconn” үйлдвэр, “UB” ресторан, Үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” ТББ, Чех улс дахь Монголын шагайн харваан холбоо, Монголын Шагайн нумт харвааны холбооны Чех улс дахь салбар зөвлөл, "Ивээлт" морин хуурын сургалтын төв, “Гэрэгэ” хамтлаг, Чех дэх Монголчуудын эерэг мэдээллийн сүлжээ Sluničko na výletě хуудас, МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн Чех дэх сурвалжлагын баг, “Гэрэлт Ирээдүй” сургалт, хөгжлийн төв, хувь уран бүтээлчид зэрэг Монголчуудынхаа холбоо, ТББ, иргэдийн төлөөлөлтэй хамтран зохион байгуулав.
 
Элчин сайд Д.Гансүх баяр наадмын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Миний Монгол наадам”-ыг зохион байгуулахдаа Чех улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа хамтран ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн “Наадам”-ыг олон улсад сурталчлах, хүүхэд багачууддаа түүх, соёл, өв уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилгыг тавьсан гэдгийг онцлов. 
 
“Миний Монгол наадам”-ын нээлт болон соёл урлагийн тоглолт арга хэмжээнүүдийг Чех дэх монгол уран бүтээлч залуусын “Гэрэгэ” хамтлаг найруулан зохион байгуулж, Мост хот дахь "Ивээлт" морин хуурын сургалтын төвийн морин хуурч хүүхдүүд, “Гэрэлт Ирээдүй” сургалт, хөгжлийн төвийн бүжигчин хүүхдүүд хамтран оролцож, үндэсний дуу, бүжиг язгуур урлагийн тоглолтыг хуран цугласан наадамчин олонд толилуулав.
 
 
Наадмын бөхийн барилдааныг Үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” ТББ-ын жаяг дэгийн баг уламжлал, ёс дэгийг хариуцан сахиулж, хүчит 32 бөх зодоглож, уран мэхийг уралдуулан барилдсанаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат залуу бөх Э.Хосбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат аймгийн начин Д.Энхтүвшин үзүүрлэв.  Их шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат сумын заан Т.Дамбаравжаа, Архангай аймгийн Хотонт сумын харьяат залуу бөх Э.Цэдэндамбаа, дунд шөвөгт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат аймгийн начин Ө.Тулга, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат залуу бөх Г.Эрдэнэ-Очир, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат залуу бөх Ц.Энхбаатар, Өвөрхангай аймгийн Өндөрбаян-Улаан сумын харьяат залуу бөх Б.Мягмарсүрэн нар шалгарлаа. Түрүүлж, шөвгөрсөн 8 бөхийг ЭСЯ-ны Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр урамшуулав.
 
 
Сур харваачид эрэгтэй, эмэгтэй төрлөөр цэц мэргэнээ сорив. Эрэгтэйчүүдийн сур харваанд Архангай аймгийн харьяат Монгол Улсын Гоц харваач Г.Ганбаатар тэргүүн байр, Говьсүмбэр аймгийн харьяат залуу харваач Э.Оргилболд дэд байр, Дорнод аймгийн харьяат залуу харваач Г.Оргилон гутгаар байр, эмэгтэйчүүдийн төрөлд Дорноговь аймгийн харьяат залуу харваач М.Энхчимэг тэргүүн байр, Өмнөговь аймгийн харьяат залуу харваач Ж.Ганзул дэд байр, Сүхбаатар аймгийн харьяат сумын мэргэн Ц.Жавхланбаяр гутгаар байрт тус тус шалгарч,              ЭСЯ-ны Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлийн эзэд болцгоов.
 
 
Шагайн харвааны тэмцээнийг Чех улс дахь Монголын шагайн харвааны холбоо, Монголын Шагайн нумт харвааны холбооны Чех улс дахь салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 5 багийн харваачид онч мэргэнээ уралдуулав. Шагайн харвааны багийн төрөлд “Хүннү” баг тэргүүн байр, “Най” баг дэд байр, “Арга билэг” баг гутгаар байр, хувийн цуваа харваанд “Хүннү” багийн харваач Ч.Наранбаатар тэргүүн байр, “Уухай” багийн харваач Б.Хүрэлтулга дэд байр, “Уухай” багийн харваач Б.Баттөр гутгаар байр, хувийн нумт харваанд “Най” багийн харваач Ц.Хандсүрэн тэргүүн байр, “Най” багийн харваач Г.Идэрбаатар дэд байр, “Най” багийн харваач Ш.Соёлцэцэг гутгаар байрт тус тус шалгарч ЭСЯ-ны Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлийн эзэд болцгоов. Түүнчлэн гадсан дээрх хасаа онох тэмцээнд “Уухай” багийн харваач М.Нарангэрэл түрүүлж, шагналын эзэн болов.
 
 
Наадмын үйл ажиллагааны хүрээнд Өв, соёлын Монгол тоглоом, наадгайн өртөө, Урчуудын өртөө, Дээлтэй Монгол өртөө, Монгол ахуйн өртөө, Монгол бүжгийн өртөө, Open mic өртөө зэрэг 6 өртөө ажиллуулж, үндэсний уламжлал өв, соёл, ахуй, зан заншлыг хүүхэд, багачууд, гадаадын иргэдэд сурталчлан таниулав. Мөн хүүхдүүдийн дунд уралдаан, тэмцээн, дээлтэй Монгол алхаа зэрэг олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан нь наадамчин олны талархлыг хүлээв. 
 
 
Түүнчлэн Чех, Словак улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрлөхийн зэрэгцээ монголчууддаа дэмжлэг, туслалцаа үзүүлж, эх орноо хилийн чанадад сурталчлан таниулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй зарим иргэдийг шагнаж, урамшуулав. Үүнд:
 
Монгол Улсын Засгийн газрын шагнал Хөдөлмөрийн тэргүүний ажилтантэмдгээр:
  • Монгол, Чех хэлний албан ёсны хэлмэрч, орчуулагч Э.Бөхбилэгт,
  • “UB” рестораныг үүсгэн байгуулагч Д.Болдсайхан,
  • “Alstrom” компанийн гагнуурчин Д.Ганхөлөг,
  • “TMM Trade” компанийг үүсгэн байгуулагч Т.Мөнхбат нарыг
Монгол Улсын Засгийн газрын шагнал Соёлын тэргүүний ажилтан” тэмдгээр:
  • Шүтээн урлаач С.Нямдоржийг
ЭСЯ-ны Өргөмжлөлөөр:
  • Дуучин Н.Энхбаяр,
  • Хөгжимчин Э.Тулга,
  • Жүжигчин, хөтлөгч Т.Занабазар нарыг тус тус шагнав.
Үүний зэрэгцээ “Миний Монгол наадам”-ыг зохион байгуулагч Алтай.мн” компанийн зүгээс 30000, 20000, 10000 кроны азтнуудыг наадамчин олны дундаас шалгаруулсан бол 7 дугаар сарын 10-ны өдрөөс Улаанбаатар - Прага чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэх “Eznis Airways” компанийн нислэгийн 2 эрхийн бичиг азтай эздэдээ очлоо. 
 
Баяр наадмыг зохион байгуулалцсан Монголчуудын холбоо, ТББ, нийт уран бүтээлчид, оюутнууд, хүүхэд багачуул, иргэд, ирж оролцсон наадамчдадаа талархал илэрхийлье. Наадмыг зохион байгуулалт, үйлчилгээг хариуцсан Алтай.мн” компани, “Гэр кэмпамралт, жуулчны баазын удирдлага, хамт олонд наадамчин олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
 
Ийнхүү Чех, Словак улсууд дахь монголчууд хуран чуулж, “Миний Монгол наадам”-аараа өргөн дэлгэр, хийморьтой сайхан наадлаа.