images

ПРАГА ХОТ МАНАЙ АВИАКОМПАНИУДЫН ЕВРОПЫН ЧИГЛЭЛ ДЭХ ШУУД НИСЛЭГИЙН ГУРАВ ДАХЬ ГАРЦ БОЛЖ БАЙНА

Үйл явдлын мэдээ

2024-06-11

243

Монголын иргэний агаарын тээвэрлэгч “Eznis Airways” компани 2024 оны 7 дугаар сарын 10-наас эхлэн Улаанбаатар - Прага - Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр болсноо албан ёсоор зарлалаа. “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2017 онд Улаанбаатар хотноо гарын үсэг зурснаар манай хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бий болсон билээ. Улмаар энэхүү хэлэлцээр 2020 онд хүчин төгөлдөр болж, монголын тал шууд нислэг үйлдэх томилгоог “Eznis Airways” компанид олгосон.
 
Хэдийгээр Ковид-19 цар тахал, олон улсын нөхцөл байдал болон бусад шалтгааны улмаас шууд нислэг үйлдэх хугацаа хойшилж байсан боловч энэ хугацаанд “Eznis Airways” компани олон улсад нислэг үйлдэх бэлтгэлээ сайтар хангажээ. Тухайлбал, эгнээндээ дэлхийн 120 улсын 336 агаарын тээвэрлэгчийг багтаасан Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-нд гишүүнээр элссэн Монголын хоёр дахь агаарын тээвэрлэгч болж, өөрийн компанийн үйлчилгээ, аюулгүй ажиллагаа, найдвартай байдлаа дэлхийн жишигт хүргэснээ баталжээ. 
 
Улаанбаатар - Прага - Улаанбаатар чиглэлийн шууд нислэг нь Чех улс болон Европын Холбооны улсууд, ялангуяа Төв Европын орнуудад аж төрж буй манай улсын иргэдийн хувьд цаг, зардлаа хэмнэн зорчих таатай боломж юм. Мөнхүү эдгээр орноос Монголыг зорьсон жуулчдын хувьд тав тухаа нэмэгдүүлэх, улмаар олноороо очих аятай боломж болох нь. Улмаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа ачаа, тээврийн эргэлт нэмэгдэх нь дамжиггүй юм. Түүнчлэн манай улсын Прага хотын олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 160 гаруй чиглэлд нисэх боломжтой бүрдэж байгаа нь таатай боломж юм. 
 
Туулах тэнгэр нь цэлмэг, тухлах зорчигч нь амгалан, алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.