images

“ЭСЯ-ДЫН ӨДӨРЛӨГ”-ӨӨР МОНГОЛЫНХОО АСРААР ИРЖ ЗОЧЛООРОЙ

Үйл явдлын мэдээ

2024-06-04

117

Прага хотноо болдог уламжлалт ЭСЯ-дын үндэсний урлаг, соёл, хоолны өдөрлөг 2024 оны 6 дугаар сарын 8-ны Бямба гарагт 8-20 цагийн хооронд Markets at Kulaťák, Vítězné náměstí (Prague 6) талбайд болно. 
 
 
Тус ЭСЯ энэхүү өдөрлөгт Чех улсад оршин суугаа иргэд, аж ахуйн нэгж, уран бүтээлчидтэй хамтран улс орон, үндэсний хоол, соёл урлагаа таниулан сурталчлах хүрээнд урлагийн тоглолт, гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн дэлгэн үзүүлнэ. Монгол зоогийн газрууд үйлчилнэ.
 
 
Арга хэмжээний төв тайзнаа болох улс орнуудын үндэсний урлагийн тоглолтод Мост хотын “Ивээлт” морин хуур сургалтын төвийн багш, сурагчид хуураа эгшиглүүлж, бүжигчин Х.Отгонжаргал ардын бүжиг бүжиглэнэ. 
 
Чех улсад оршин суугаа манай иргэд амралтын өдрөөрөө энэхүү өдөрлөгийг сонирхож, Монголынхоо асраар зочлоорой. Үндэсний дээл хувцсаараа гоёж ирвэл бүр гоё. Та бүхнийг урьж байна.  
 
2022, 2023 оны ЭСЯ-дын өдөрлөгт Прага дахь 50 шахам улсын ЭСЯ оролцсон бөгөөд 20 орчим мянга хүн үзэж, сонирхсоныг зохион байгуулагчдаас мэдээлж байсан болно. https://www.trhynakulataku.cz/festival-ambasad/