images

“CARITAS CZECH REPUBLIC” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2024-05-15

104

Элчин сайд Д.Гансүх 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр олон улсын “Caritas Czech Republic” ТББ-ын Бүс нутаг хариуцсан менежер Эвжэн Дивиш, Монголыг хариуцсан хөтөлбөрийн зохицуулагч Хана Климанова нарыг хүлээн авч уулзав.
 
Тус байгууллага нь Зудад өртөгсдөд туслах, Эрчим хүчинд хэмнэлттэй ногоон барилгын үйлдвэрлэлийг дэмжих, Хорих анги дахь хүний эрхийг сайжруулах, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, Нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах, Залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг 20 орчим төсөл хөтөлбөрүүдийг Европын Холбоо болон бусад эх үүсвэрүүдийн санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлсэн талаараа танилцуулж, одоо хэрэгжүүлж буй Эдийн засгийн ногоон шилжилт төслийнхөө талаар мэдээлэл өглөө.
 
Элчин сайд Д.Гансүх байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой байдалд анхаарал хандуулж, ялангуяа хөдөө орон нутагт чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа тус байгууллагад талархал илэрхийлэв.
 
Прага хотноо төвтэй “Caritas Czech Republic” ТББ нь чехийн хамгийн том ТББ бөгөөд 9 мянга гаруй ажилтан, 25 мянга гаруй сайн дурын ажилтнуудтайгаар үйл ажиллагаа явуулж байна. “Caritas Czech Republic” ТББ нь 2006 оноос эхлэн манай улсад нийгмийн хамгаалал, боловсрол, байгаль орчин, хүмүүнлэгийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2007 онд Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа байгуулжээ.