КАРЛЫН ИХ СУРГУУЛИЙН ЧЕХ ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД МАНАЙ УЛСЫН 21 ОЮУТАН СУРАЛЦАНА
Элчин сайд Д.Гансүх 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Чех улсын Боловсрол, залуучууд, бие тамирын яамны Олон улсын харилцаа, Европын Холбооны газрын захирал Ладислав Бановецтэй уулзаж, хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Элчин сайд Чех улсын Засгийн газар манай улсад томилон ажиллуулж буй чех хэлний багшийн ажиллах хугацааг сунгасанд талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Карлын Их сургуулийн чех хэлний бэлтгэлд суралцах оюутнуудыг хүлээн авахтай холбоотой бэлтгэл ажлын талаар ярилцав.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу оюутан, дадлагажигч, судлаачдын солилцоо идэвхжиж байгааг тэмдэглэж, цаашид энэхүү хэлэлцээрийн агуулгыг өргөжүүлж, шинэчлэн байгуулах боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын төгсгөлд Чех улсын Боловсрол, залуучууд, бие тамирын яамны ёслолын үйл ажиллагаанд зориулж ижил загвартай хоёр улсын далбааг гардуулж өглөө.