images

ЧЕХЭД СУРАЛЦАХ ОЮУТНЫ ТОО НЭМЭГДЭНЭ

Үйл явдлын мэдээ

2024-03-14

251

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр тэргүүтэй ЕТГ-ын төлөөлөгчид 2024 оны 3 дугаар сарын 12-14-нд Чех улсад ажлын айлчлал хийв.  
 
  • Зөвлөх Э.Одбаяр Бүгд Найрамдах Чех Улсын ЕТГ-ын Гадаад харилцааны газрын захирал Ярослав Зайичектэй уулзаж, хоёр улсын Төрийн тэргүүн нарын 2023 онд Нью-Йорк хотноо хийсэн уулзалтын мөрөөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа. Талууд 2025 онд тохиох Монгол, Чех улсын хооронд дипломат харилцааны тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
  • Төлөөлөгчид Чех улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын Дэд сайд Ярослав Миллертэй уулзаж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар ярилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр Чех улсад амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгааг илэрхийлэв. Дэд сайд Я.Миллер Монголын оюутан, залуусыг Чех улсын их, дээд сургуулиудад амжилттай суралцуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ нотолж, Чех улсад Монголын палеонтологийн үзэсгэлэн гарахад хамтран ажиллахаа илэрхийлэв.
 
​​​​​​​
  • Карлын Их сургуулийн Хэл, мэргэжлийн сургалтын хүрээлэнгийн захирал Дана Хулкова Нывтловатай уулзаж, тус их сургуулийн чех хэлний бэлтгэл монгол оюутнуудыг сургах асуудлаар ярилцав. Уулзалтын үеэр Боловсролын зээлийн сан, Карлын Их сургуулийн Хэл, мэргэжлийн сургалтын хүрээлэн хооронд байгуулсан санамж бичгийг харилцан солилцсон бөгөөд 2024/2025 оны хичээлийн жилд чех хэлний бэлтгэлд Монгол Улсаас 22 оюутан суралцахаар бэлтгэж байгааг мэдээлэв.
​​​​​​​
 
  • Карлын Их сургуулийн зүгээс монгол оюутнууд тус их сургуульд суралцаж байсан уламжлал олон жилийн дараа сэргэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, монгол оюутнуудад чех хэл заахын зэрэгцээ инженерчлэл, мэдээллийн технологи, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцахад зориулж анхан шатны мэдлэг олгох сургалт явуулж, бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
  • Төлөөлөгчид Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар Чехийн Техникийн Их сургуульд суралцаж буй оюутнуудтай ЭСЯ-нд уулзаж, санал бодлыг нь сонсч, зөвлөгөө өгч, амжилт хүсэв. "Илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд Чехтэй явуулж буй хамтын ажиллагаа:  
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих тухай санамж бичиг 2023 оны 4 дүгээр сард байгуулсан.
  • БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сан, Чехийн Техникийн Их сургууль хооронд Санамж бичиг байгуулав. Одоо Чехийн Техникийн Их сургуульд 8 оюутан суралцаж байна.
  • МУИС-ийн Слав судлалын тэнхимд чех хэлний багш ажиллаж, 2023 оны 9 дүгээр сараас чех хэлний хичээл зааж эхлэв.
  • Боловсролын зээлийн сан, Карлын Их сургуулийн Хэл, мэргэжлийн сургалтын хүрээлэн хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар ажиллаж байна.
  • Боловсролын зээлийн сан, Оломоуц хотын Палацкийн Их сургуулийн хооронд Санамж бичиг байгуулахаар ажиллаж байна.