images

ЧЕХ ДЭХ МОНГОЛЧУУДЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО АНХНЫ БАРИЛДААНАА ЗОХИОН БАЙГУУЛАВ

Үйл явдлын мэдээ

2023-11-27

216

Чех улсад аж төрж буй манай зарим иргэн сонирхлоороо нэгдэн “Ширмэл зодогтон” Үндэсний бөхийн холбоо байгуулж, Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан Холбооныхоо анхны барилдааныг 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Кутна Хора хотноо амжилттай зохион байгуулав.
 
Элчин сайд Д.Гансүх барилдааны нээлтийн ёслолд оролцохдоо Чех улс дахь иргэд “Ширмэл зодогтон бөхийн холбоо байгуулан үндэсний бөхийг сурталчлах, түгээх, хүүхэд залуучуудыг хамруулах үйлсийг түүчээлж байгаад баяр хүргэж, үндэсний өв соёлыг тээж яваа бөхчүүд бусаддаа, ялангуяа хүүхэд залуучуудад үлгэр дууриал болж явахын чухлыг тэмдэглэн, монгол бөхийн өв, хийморь, жудгийг эрхэмлэж явахыг захилаа.
 
Хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Аймгийн начин Ө.Тулга, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Аймгийн начин Б.Энхтүвшин тэргүүтэй 32 бөх зодоглож, их шөвөгт Аймгийн начин Б.Энхтүвшин, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Сумын заан Р.Банзар, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Сумын заан Т.Дамбаравжаа, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат Сумын заан Б.Энхбаяр нар барилдсанаас Сумын заан Б.Энхбаяр түрүүлж, Аймгийн начин Б.Энхтүвшин үзүүрлэв. Мөн 2 насны ангиллаар хүүхдийн барилдаан зохион байгуулсан нь сайшаалтай байв.
 
 
Иргэн О.Тунгалагдолгион тэргүүнтэй “Ширмэл зодогтон” Үндсэний бөхийн холбооны зорилго, үйл ажиллагаанд амжилт хүсье.