images

ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛД

Үйл явдлын мэдээ

2023-11-24

521

Албан ёсны бүртгэлээс үзэхэд өнөөдөр Чех улсад манай 12500 гаруй иргэн ажиллаж, амьдарч байна. Хэдийгээр зарим аймаг, хотод төвлөрөл байгаа ч Чех улсын өнцөг булан бүрд л манайхан аж төрж, том, жижиг үйлдвэрийн газруудад ажилладаг. 
 
Мөн Чехэд ажлын гэрээгээр ажиллуулна, зуучлана, ажилд оруулна гэсэн зар мэдээлэл нэмэгдэж, Монголд болон Чех дэх монголчуудын соушл сүлжээгээр түгээгдэж байна. Үүнтэй холбогдуулан Чех улсад ажлын гэрээгээр ирэх гэж байгаа, ирсэн хүмүүсийг ажил хөдөлмөр эрхлэх, амьдрах, дасан зохицохтой холбоотой мэдээлэл, хууль дүрэмтэй танилцахыг ЗӨВЛӨЖ байна. Эдгээр нь Чех улсад мөрдөгддөг.  
 
Энэ мэдээллийг гэрээ гаргаж байгаа, ажилд зуучилж байгаа, ажилд оруулж байгаа хувь хүн, байгууллагууд тухайн ажилд орох сонирхолтой иргэнтэй гэрээний үүргийн харилцаанд орохоосоо л эхлэн хамгийн түрүүнд танилцуулж байх хэрэгтэй байна. Иргэд ч мөн иргэн хүнийхээ хувиар хилийн чанадад ажиллахаар явах гэж байгаа бол тодорхой хэмжээнд бэлтгэж, мэдээлэлтэй болж байж шийдвэрээ гаргах учиртай болов уу. Иргэд сургаар, сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргадаг. Хүний нутагт ирээд үүнийгээ ойлгодог ч хэт оройтож, сэтгэл санаа, мөнгө санхүү, эд хөрөнгөөрөө хохирох явдал байна. Тухайлбал, гэрээнд заасан ажлыг хийхэд ямар нөхцөл шаардлага тавигдаж буй, тавигдсан ур чадварыг нь би хангаж чадаж байна уу, очоод яг ямар ажил хийх гэх мэт наад захын зүйлийг нягтлалгүйгээр виз гарч байвал очоод ямар нэг байдлаар болж л таарна гэсэн бодолтой ирэх явдал түгээмэл байна. Тиймээс тухайн ажилдаа тэнцэхгүй байх, ажил олгогч нь хүлээж авахгүй байх, үүнээсээ болж оршин суух виз авч чадахгүй асуудалд орох тохиолдлууд тасрахгүй байгаа тул иргэд гэрээ зуучилж байгаа хувь хүмүүс болон компаниас зохих мэдээлэл, баталгаа авч байж шийдвэрээ гаргаж байхыг зөвлөж байна.  
 
Олон улсын байгууллагын судалгаанаас үзвэл, Чех улс руу явахаасаа өмнө тус улсад ажиллах, амьдрах нөхцөл (ажлын байр, цалин, оршин суух, түрээс гэх мэт)-ийн талаар мэдэж байсан уу? гэсэн асуултад судалгаанд хамрагдсан манай иргэдийн 66 хувь нь ҮГҮЙ гэж хариулжээ. Чех явахаасаа өмнө Та энэ улс дахь гадаадын иргэдийн эрх зүйн байдлын талаар мэдээлэлтэй байсан уу гэсэн асуултад судалгаанд хамрагдсан хүмүүсийн 83 хувь нь ҮГҮЙ гэж хариулсан байна.
 
Мэдээлэлгүйгээс болоод иргэд ирэхээсээ өмнө зөвшөөрсөн ажлаасаа өөр ажил хийх, ажил олгогч бичиг баримтыг нь хураах, заналхийлэх, ажлын дарамт үзүүлэх, бие махбодын болоод сэтгэл санааны дарамт үзүүлэх, урт цагаар зөвшөөрөлгүй ажиллуулах, ажлын байр, дотуур байрнаасаа гарах эрхгүй байх, ажлын хөлсөө дутуу бодуулах, ажилд оруулсны төлбөр төлөх зэргээр хохирох тохиолдлууд байна. Тэгвэл энэ бүхэн нь хүний наймаа, хөдөлмөрийн мөлжлөгийн бодит жишэээ гэдгийг ТАНЫГ ХАМГААЛАХ ДҮРМҮҮД гэх энэ гарын авлагад бичигдсэн байгаа.  
 
“Ойлгохгүй байгаа баримт бичигт гарын үсэг бүү зур. Баримт бичгийн гарын үсэг нь ихэнх тохиолдолд эргэлт буцалтгүй хүчинтэй баталгаа болдог” гэдгийг зөвлөсөн байна.
 
Чех улсын Дотоод хэргийн яамнаас МОНГОЛ хэлээр гаргасан гарын авлагуудыг дахин танилцуулж байна.