images

МОНГОЛ, ЧЕХИЙН ИРГЭН ХАРЪЯАТ, ЦАГААЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУД ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ БАЙНА

Үйл явдлын мэдээ

2023-11-15

302

Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газар болон Чех улсын Дотоод хэргийн яамны харьяа Гадаадын цагдаагийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зорчих баримт бичиг шалгах, хуурам баримт бичиг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар чехийн туршлагатай танилцах сургалтад манай Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид хамрагдаж байна.
 
2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чехийн Гадаадын цагдаагийн газрын удирдлагын төв байранд болсон сургалтын нээлтэд Элчин сайд Д.Гансүх, Чехийн Гадаадын цагдаагийн газрын Дэд захирал, хурандаа Иржий Стухлы, Баримт бичиг шалгах үндэсний төвийн дарга, хурандаа Ян Вратны, Дотоод хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагаа, Европын Холбооны газрын ахлах мэргэжилтэн Ийржи Мусилек зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл оролцов.
 
Элчин сайд Д.Гансүх өнгөрсөн 3 дугаар сард Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Ууганбаярын айлчлалын үеэр яригдаж байсан хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагаа бодит ажил болж, чехийн тал энэхүү чухал ач холбогдолтой хөтөлбөртөө манай улсын мэргэжилтнүүдийг хамруулж байгаад талархал илэрхийлэв. Мөн Чех улсад ажиллаж, аж төрж буй манай улсын иргэдийн оршин суухтай холбоотой асуудалд анхаарч ажилладагт талархаж, цаашид Чех улсад ирэх манай иргэдийн тоо, мөн оюутнууд нэмэгдэж байгаатай холбогдуулан тэдний виз олголтод мөн анхаарч өгөхийг хүсэв.
 
Чехийн Гадаадын цагдаагийн газрын Дэд захирал, хурандаа Иржий Стухлы хоёр байгууллагын хооронд өмнө эхлүүлсэн яриа хэлэлцээ, санал санаачилга ийнхүү ажил хэрэг болж байгаад баяртай байна гэв.