images

Чех улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн асуудал эрхэлсэн сайд Мариан Юречка Монгол Улсад айлчлав

Үйл явдлын мэдээ

2023-11-08

334

Чех улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн асуудал эрхэлсэн сайд Мариан Юречкагийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгээс:
 
  • УИХ-ын дарга Г.Занданшатар Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн асуудал эрхэлсэн сайд М.Юречкаг 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улсын Европын Холбоо болон Чех улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болон Монгол, Чехийн Засгийн газрын Хамтарсан хорооны 8 дугаар хуралдаан чухал ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглэв.
 
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн асуудал эрхэлсэн сайд М.Юречкатай уулзаж, хоёр орны боловсрол, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах санал, санаачилгууд биеллээ олж, бодит үр дүн гарч байгааг онцлов. Уулзалтаар Монгол, Чехийн хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх талаар ярилцав.
 
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 11 дүгээр сарын 1-ний өдөр Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн асуудал эрхэлсэн сайд М.Юречкатай уулзаж, хоёр улсын нийгмийн хамгаалал, даатгалын шинэчлэл, тэтгэвэр, тэтгэмж, даатгалын тогтолцоо болон эдгээр чиглэлээр төлөвлөж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл солилцов. Манай улс Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг 2021 онд шинэчилснийг Сайд Х.Булгантуяа дурдаж, 1999 онд байгуулсан “Монгол Улсын иргэд, Бүгд Найрамдах Чех Улсын иргэдийг харилцан хөдөлмөр эрхлүүлэх тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг одоогийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэх саналыг тавив. Айлын тал хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Талууд хоёр улсын хооронд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийг байгуулж, хүчин төгөлдөр болсонд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Удирдлагын тохиролцоонд тусгагдсан маягтуудыг солилцож, тэдгээрийг ашиглахад бэлэн болсныг нотлов. 
 
Айлын тал Чех улсын Засгийн газраас манай улсаас авах гэрээт ажилтны квотыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан энэ чиглэлээр баримтлах бодлого, үйл ажиллагаагаа танилцуулж, урт хугацаандаа энэ нь хоёр улсын бизнесийн хэлхээ холбоог бэхжүүлэх, монголчууд эх орондоо ирж сурсан мэдсэнээ нутагшуулахад чухал түлхэц болно гэдгийг тэмдэглэж байв.
 
 
  • Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 11 дүгээр сарын 2-ны өдөр Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн асуудал эрхэлсэн сайд М.Юречкатай уулзаж, тахь эргэн нутагшуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх, Чехийн Менделийн Их сургууль тэргүүтэй олон улсын их, дээд сургуулиудын концерциумаас хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийн явц болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Түүнчлэн тусгай хамгаалалттай газруудын менежментийг сайжруулах, агро-ой, ойн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, эрчим хүч хэмнэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бохир ус цэвэршүүлэх чиглэлээр чехийн талтай хамтран ажиллах боломж, нөхцөлийн талаар ярилцав.
 
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж 11 дүгээр сарын 1-ний өдөр Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн асуудал эрхэлсэн сайд М.Юречка тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд сэргээгдэх эрчим хүч, хөдөө, аж ахуй, тээврийн салбарт хамтран ажиллах болон Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэлийг бэхжүүлэхэд чехийн техник, тоног төхөөрөмж, ноу-хауг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо.
 
  • Мөн үеэр Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газрын Хамтарсан хорооны 8 дугаар хуралдаан 10 дугаар сарын 31-ний өдөр ГХЯ-нд болов. Монгол, Чехийн Засгийн газрын Хамтарсан хорооны монголын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, чехийн хэсгийг Үйлдвэр, худалдааны яамны Тэргүүн захирал Мариан Пиеха нар даргалав.
Хуралдаанаар хоёр улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл харилцан солилцож, Хамтарсан хорооны 7 дугаар хуралдааны үр дүнг хэлэлцэв. Түүнчлэн худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол, Чехийн Засгийн газрын Хамтарсан хорооны 8 дугаар хуралдааны Протоколд гарын үсэг зурав.
 
  • Мөн Монгол, Чехийн Бизнес форумыг 10 дугаар сарын 31-ний өдөр МҮХАҮТ-ын байранд болов. Энэ удаагийн бизнес форумд чехийн талаас хууль эрх зүй, барилга, үл хөдлөх, банк санхүү, эрүүл мэнд, ус цэвэршүүлэх техник технологи, тээвэр зэрэг салбарын 20 гаруй аж ахуйн нэгж, монголын талаас 100 гаруй бизнес эрхлэгчид оролцож, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Форумын үеэр Эдийн засаг, хөгжлийн яамнаас "Монголын бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчин", МҮХАҮТ-аас “Монгол дахь бизнесийн боломжууд: Уул уурхайн бус экспортын тэргүүлэх чиглэлүүд”сэдвээр тус тус илтгэл тавив.
 
  • Чехийн Үйлдвэр, худалдааны яам болон бизнесийн төлөөлөгчид чехийн техник технологийг ашиглаж буй Талх чихэрХК-ийн үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ Орхон аймагт зочилж, орон нутгийн бизнес эрхлэгчидтэй уулзалт хийв.
  • Шадар сайд Юречка тэргүүтэй төлөөлөгчид экспортын махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Очир дагинасХХК, Чехийн техник, тоног төхөөрөмж, уламжлалаар гутал, цүнх үйлдвэрлэгч Хос аз ХХК болон Чехийн “Khaanzaa” ХХК-ийн бохир ус цэвэршүүлэх технологийг суурилуулсан Баянхонгор ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.
  • ​​​​​​​Шадар сайд М.Юречка тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д зочилж, тус их сургуулийн Европ хэлний танхимын үйл ажиллагаатай танилцаж, чех хэлний сурах бичиг гардуулав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлгээр Чех Улсад суралцах оюутнуудтай уулзалт хийв.
​​​​​​​​​​​​​​
 
  • Мөн төлөөлөгчид ШУТИС-д зочилж, чехийн талын санхүүжилтээр тоноглосон лабораторийн үйл ажиллагаатай танилцав. Зочдыг ШУТИС-ийн Ректор Т.Намнан хүлээн авч уулзав.
  • Чехийн Шадар сайдын айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үйлдвэр, худалдааны яам, Байгаль орчны яам, ХАА-н даатгалын сангийн Ерөнхийлөгч зэрэг албаны хүмүүс оролцсон бөгөөд айлчлалын хүрээнд 2018 оноос хойш зохион байгуулагдаагүй байсан Монгол, Чехийн Засгийн газрын Хамтарсан хорооны 8 дугаар хуралдаан болж, хоёр улсын бизнес эрхлэгчдийн форумыг зохион байгуулсан нь уламжлалт найрсаг харилцаатай Монгол, Чехийн харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд ач холбогдолтой боллоо.
Эдгээр уулзалт, арга хэмжээ нь Монгол, Чехийн бизнес, хувийн хэвшлийнхний түншлэлийг бэхжүүлэх, улмаар хоёр талын худалдааг өсгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн ноу-хауг нэвтрүүлэх, нутагшуулахад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.