Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын тухай
Хүн ам: Монгол Улсын хүн ам 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3,457,548 болжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын тэргүүлэх зорилтууд: 1) цар тахлыг богино хугацаанд даван туулах, 2) эдийн засгаа сэргээх, 3) дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоог бий болгох, 4) шударга ёсыг хангах, 5) цахим засаглалыг хөгжүүлэх
Шинэ сэргэлтийн бодлого: Эдийн засгийн сэргэлтийн эрчийг хадгалж, тогтворжуулах үүднээс Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлуулан хэрэгжүүлж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй 1) хилийн боомт, 2) эрчим хүч, 3) аж үйлдвэржилт, 4) хот, хөдөөгийн хөгжил, 5) ногоон хөгжил, 6) төрийн бүтээмж гэсэн зургаан багц асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Энэхүү бодлогыг 10 жил хүртэлх хугацаанд хэрэгжүүлснээр урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж буй.
ДНБ-ний хэмжээ: 2021 онд 1.6%, 2022 онд 5%-иар өссөн байна. Дэлхийн банкнаас 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр танилцуулсан “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд манай улсын эдийн засаг 2023 онд 5.3%, 2024 онд 6.4%-иар өсөх төлөвтэй гэж тооцоолсон. ДНБ оны үнээр 53.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 10.3 их наяд төгрөгөөр буюу 23.6%-иар өссөн бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр 28.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.4 их наяд төгрөгөөр буюу 5%-иар өссөн байна.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ: Fitch Ratings байгууллага Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2022 оны 5, 7 дугаар сар, 2023 оны 1 дүгээр сард “B”, “тогтвортой” төлөвт үнэлсэн. Тус байгууллагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснээ 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зарлав.
Гадаад өр: Улсын нийт гадаад өр 2022 онд 33.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 460.7 сая ам.доллароор буюу 1.4%-иар буурсан байна.
Гадаад худалдаа: 2023 оны эхний 7 сард нийт 146 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.7 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 8.7 тэрбум ам.доллар, импорт 5.0 тэрбум ам.доллар байна.
Гадаад худалдааны тэнцэл: 2023 оны эхний 7 сард 3.7 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
БНХАУ-тай 2023 оны эхний 7 сард 10.0 тэрбум ам.долларын худалдааг хийсэн байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 61.3%-ийг чулуун нүүрс, 19.3%-ийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцарын Холбооны Улсад экспортолсон барааны 99.6%-ийг алт эзэлсэн байна.
Импортын дүнд 2023 оны эхний 7 сарын байдлаар БНХАУ 39.1%, ОХУ 27.1%, Япон 7.9%, БНСУ 4.5%, АНУ 3.5%, ХБНГУ 2.5 хувийг тус тус эзэлж, нийт импортын 84.6%-ийг бүрдүүлж байна. ОХУ-аас импортолсон барааны 71.7%-ийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 74.6%-ийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 9.2%-ийг ачааны автомашин тус тус эзэлж байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсад 2021 оны 9 дүгээр сарын байдлаар 1.2 тэрбум ам.доллар, 2022 оны эхний 8 сарын байдлаар 0.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Инфляцын түвшин: 2023 оны 5 дугаар сард 11.3%, 6 дугаар сард 10.6%, 7 дугаар сард 9.2%-тай гарчээ.
Малын тоо: (2022 оны 12 дугаар сарын 31-нээр) 71.1 сая толгой мал тоологджээ. Үүнээс адуу 4.8 сая, үхэр 5.5 сая, тэмээ 470.5 мянга, хонь 32.7 сая, ямаа 27.6 сая байна.
Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлав. Монгол Улсын хилээр нэвтэрсэн жуулчдын тоо: 483 469 (2023 оны дүгээр сарын байдлаар)
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2022-2030 онд хэрэгжүүлэх стратеги, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдав. Стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөнд 27 үйл ажиллагаа, 154 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0%-д хүргэх зорилт тавьж байна.