images

ЭЛЧИН САЙД СЛОВАК УЛСАД АЖИЛЛАВ

Үйл явдлын мэдээ

2023-09-20

349

Элчин сайд Д.Гансүх хавсран суугаа Словак улсад 2023 оны 9 дүгээр сарын 14-17-нд ажиллаж, дараахь уулзалт, арга хэмжээг зохион байгуулав.
 
  • Монгол Улс, Словак улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн бүтээлээр хийсэн "Amazing Mongolia” гэрэл зургийн үзэсгэлэнг 2023 оны 9 дүгээр сарын 16-нд Словак улсын Кошице хотын Зүүн Словакийн музейд нээв. Үзэсгэлэн 2023 оны 9 дүгээр сарын 16-27-ны өдрүүдэд тус музейд тавигдана. Кошице нь Европын соёлын хотоор шалгарч байсан, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэлтэй хэд хэдэн өвтэй, 730-аад жилийн түүхтэй эртний хот бол Зүүн Словакийн музей нь 150 гаруй жилийн өмнө байгуулагджээ.

  • Үзэсгэлэнг нээж Монгол Улсаас Словак улсад суугаа Элчин сайд Д.Гансүх, Музейн захирал Доминик Береш, Өргөмжит консул Петр Славик нар үг хэлэв. Нээлтийн ёслолд Словак улсын Гадаад болон Европын асуудал эрхэлсэн яамны Ази, Номхон далай, Латин Америкийн орнуудын газрын захирал Марек Реповски, Кошице хотын засаг захиргаа, урлаг, соёл, бизнесийн байгууллага, Монголд аж төрж байсан словакчууд, тус улсад ажиллаж амьдарч буй манай иргэдийн төлөөлөл оролцов.
 
  • Үзэсгэлэнг дагалдуулан монгол гэр барьж, нээлт дээр Монголд зочлох жилийн ил захидал, сэтгүүлийг олны хүртээл болгохын зэрэгцээ морин хуурын аялгуу эгшгээр ирсэн зочдын сонорыг мялаав.
 
 
 
  • Словак улсын Кошице аймгийн дарга Растислав Трнкатай 2023 оны 9 дүгээр сарын 14-нд уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Элчин сайд Монгол, Словак хоёр улс уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд энэ жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, Монгол Улс Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Словак улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байдгийг илэрхийлэв. Мөн Словак-Монголын Худалдааны танхим байгуулагдсаныг мэдээлж, Монголд хөдөө аж ахуй болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Аймгийн дарга Ратислав Трнка Элчин сайдыг аймагтаа тавтай зочлохыг хүсч, хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

  • Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, словакийн жуулчдыг визийн шаардлагаас чөлөөлснийг дурдаж, Монгол оронд зочлохыг урив.
  • Элчин сайд Кошице аймгийн иргэдэд хөгжил дэвшил, сайн сайхныг хүсэн ерөөж, хүндэт зочдын дэвтэрт гарын үсэг зурав.
 
  • Кошице хотын дарга Ярослав Полачек 2023 оны 9 дүгээр сарын 14-нд Элчин сайдыг хүлээн авч уулзаж, оройн зоог барив. Хотын дарга Я.Полачек Элчин сайдыг Кошице хотод ирж ажиллаж байгаад талархал илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.
 
  • Элчин сайд Монгол Улс, Словак улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд Кошице хотын гол музейд “Amazing Mongolia” гэрэл зургийн үзэсгэлэнг гаргахад дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан словакийн жуулчид визгүй зорчих боломжтой болсныг мэдээлж, "Amazing Mongolia" гэрэл зургийн цомгийг дурсгаж, Монголд аялахыг уриалав.
​​​​​​​
 
  • Хотын захиргаа Монгол Улсаас Кошице хотод суугаа Өргөмжит консулын газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Кошице хотын засаг захиргаа, ард иргэдэд хөгжил дэвшил, амжилт, сайн сайхныг ерөөж, хүндэт зочдын дэвтэрт гарын үсэг зурав.
​​​​​​​
  • Братиславын Эдийн засгийн Их сургуулийн салбар сургуулийн захирал доктор Михал Ткачтай 2023 оны 9 дүгээр сарын 14-нд уулзав. Тус их сургууль Монгол Улсын Санхүү, эдийн засгийн Их сургуультай хамтран бакалавр, магистрын хосолсон хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа танилцуулав. Энэхүү хөтөлбөрт хамрагдах манай оюутнууд их сургуулиа төгсөхдөө Монголын болон Европын Холбооны гишүүн Словак улсын дипломтой төгсөнө. Мөн словак хэл дээр суралцах оюутнууд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Братиславын Эдийн засгийн Их сургууль нь “AACSB” олон улсын магадлан итгэмжлэлтэй.

 
  • Монгол Улсаас Словак улсад суугаа Өргөмжит консулын газрын үйл ажиллагаатай 2023 оны 9 дүгээр сарын 16-нд танилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлигийн дагуу Өргөмжит консулын газарт эш хөрөг дурсгав.

  • Монгол Улсын иргэн Р.Энхтуяад Нийгмийн хамгааллын салбарын Тэргүүний ажилтны үнэмлэх, тэмдгийг 2023 оны 9 дүгээр сарын 16-нд гардуулав. Р.Энхтуяа нь НҮБ-ын ОУШХБ-ын Словак улс дахь Төлөөлөгчийн газрын гэрээт ажилтан, монгол-словак хэлний орчуулагчаар ажилладаг бөгөөд Словак улсад оршин суугаа монгол иргэдэд тулгарч буй нийгмийн асуудал, суугаа орны төрийн байгууллагаас авах бичиг баримт зэрэг бүхий л асуудалд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирснийг үнэлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтнаар шагнасан билээ.    
  • Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхийлөгч асан Рудольф Шустерийн нэрэмжит номын санд 2023 оны 9 дүгээр сарын 16-нд зочилж, дурсгалын дэвтэрт мэндчилгээ дэвшүүлж, гарын үсэг зурав.
 
  • Тус номын сан нь 2015 онд байгуулагдсан бөгөөд фонд нь 2000 гаруй номтой. Р.Шустер нь 62 ном бичсэн бөгөөд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеийнхээ албан ажил, амьдралынхаа үйл явдлын тэмдэглэлийг гараар хөтөлж байсныг ном болгон хэвлэсэн цорын ганц хувь нь тус номын санд хадгалагддаг аж.