images

ЧЕХ ДЭХ МОНГОЛЧУУД “ХАВРЫН БАЯР” СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУДАА ШАЛГАРУУЛЛАА

Үйл явдлын мэдээ

2023-04-12

367

Чех улсад аж төрж буй монголчуудын дунд зохион байгуулагддаг уламжлалт “Хаврын баяр”-ын 25 дахь удаагийн спортын тэмцээн 2023 оны 4 дүгээр сарын 7-8-ны хооронд Прага хотод болов.
 
Тэмцээн сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатрын төрлүүдээр явагдаж, нийт 400 гаруй тамирчид оролцлоо.
 
Эрэгтэй сагсан бөмбөгийн 21 багаас “ILT-EMUST” баг аваргалж, “UB-Монгол”, “Тэсрэлт” багууд, эмэгтэйчүүдийн 9 багаас “Уухай” баг түрүүлж, “Кутна Хора”, “UB” багууд удаалав.
 
Эрэгтэй волейболын төрөлд “Злин”, “Кутна Хора”, “ILT-EMUST” багууд, эмэгтэй төрөлд “Уухай”, "Тэсрэлт", “Ялалт” багууд тус тус шалгарав.
 
Эрэгтэй ширээний теннисний төрөлд “Писек” багийн Б.Цолмон, “Мост” багийн Н.Пүрэвхүү, “ILT-EMUST” багийн Алтансүх, эмэгтэй багаас "UB-Монгол”-ын С.Марал-Од, “Тоонот”-ын Б.Оюундалай, “Уухай”-гийн Болормаа нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
 
Шатрын тэмцээнд “Уухай” багийн Д.Ганхөлөг хүрэл медаль, “Млада Болеслав” багийн Б.Энх-Орших мөнгөн медаль авч, Чех улсын 4 удаагийн аварга, Олон улсын шатрын холбооны мастер Д.Баяржавхлан түрүүлэв.
 
Тэмцээний багийн дүнг гаргахдаа удирдамж болоод техникийн зөвлөгөөний шийдвэрийн дагуу бага онооны системийг ашигласан бөгөөд 25 дахь удаагийн “Хаврын баяр” тэмцээнийг Ческа Липа хотын “Уухай” баг тэргүүлж, ЭСЯ-ны Шилжин явах цомын эзэн боллоо. Удаахь байруудыг “ILT-EMUST”, “UB” багийнхан эзлэв.
 
“Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яам, “Хаврын баяр-2022” тэмцээний тэргүүн баг Ческа Липа хотын “Уухай” баг, Чех улсад суралцагч оюутан залуусын Холбоо, хувийн хэвшлийнхэн “Гэр кэмп”, “UB Restaurace Praha, Хишиг” хоолны газар хувь хүмүүс арга хэмжээг хамтран зохион байгуулсан бөгөөд тэмцээний зохион байгуулалтад оролцсон нийт хүмүүс, шүүгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тэмцээнд оролцсон монголчуудын багаа дэмжсэн Чех улсын үйлдвэр, компанийн захиргаанд ЭСЯ-наас талархал илэрхийлж байна.
 
"Хаврын баяр" өргөн дэлгэр, зохион байгуулалт сайтай, үзэгч дэмжигч олонтой байв. Зорин ирсэн, уухайлан дэмжсэн хөгжөөн дэмжигчид, иргэддээ баярлалаа. Та нар золбоо хийморьтой байлаа.
 
Тамирчиддаа дахин баяр хүргэе. Та нар хурдтай, авхаалжтай, эрчтэй, хүчтэй, эвтэй найртай байв. 25 дахь “Хаврын баяр”-аараа олон тамирчид хичээл зүтгэл, хүч хөдөлмөр, авьяас чадвараа үнэлүүлж, спортын цол, зэрэг хүртсэн нь бахархууштай сайхан байлаа.