СЛОВАК-МОНГОЛЫН АНД НӨХӨРЛӨЛИЙН НИЙГЭМЛЭГИЙГ САНААЧЛАГЧ И.КРИЖА ЭСЯ-НД ЗОЧЛОВ
Элчин сайд Д.Гансүх 2023 оны 2 дугаар сарын 27-нд Словак-Монголын анд нөхөрлөлийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагчдын нэг И.Крижаг ЭСЯ-нд хүлээн авч уулзав. Тэрбээр 1987-1989 онуудад Монгол-Чехословакийн хамтарсан Баянцагаан дахь хайлуур жоншны уурхайд технологичоор ажиллаж байснаа дурсаж, тэр үед хамт ажиллаж байсан хүмүүс одоо ч гэсэн жил бүр уулзаж, Монголтой холбоотой болон Монголд өнгөрүүлсэн он жилүүдээ эргэн дурсдаг уламжлалтай болсныг сонирхуулав. Мөн Словак-Монголын анд нөхөрлөлийн нийгэмлэгийнхээ үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог тухайгаа ярьж, Монголд ажиллаж, амьдарч байх үеэ дурсаж, компаниа “Алтан” гэж нэрлэх болсон тухайгаа хуучиллаа.
Элчин сайд 2023 онд Монгол, Словакийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг тэмдэглэж, Монголын тухай сайхан дурсамж тээж яваад талархал илэрхийлээд словакийн жуулчид Монгол руу визгүй зорчдог болсныг дуулгаж, Монголд очиж найз нартайгаа уулзахад илүү хялбар болсныг хэлэв.
Монголд элэгтэй ийм хүмүүс Чех, Словак улсуудад олон байдаг нь бахархууштай.