ЭМЧ Д.СЭЛЭНГЭЭД ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНЫ ХҮНДЭТ ТЭМДЭГ ГАРДУУЛАВ
Элчин сайд Д.Гансүх Чех улсын нийслэл Прага хот дахь Мотол эмнэлгийн эмч Д.Сэлэнгээг Эрүүл мэндийн сайдын тушаалаар Монгол Улсын Засгийн газрын шагнал - “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнасныг 2023 оны 1 дүгээр сарын 24-нд гардуулж өгөв.
Элчин сайд шагналыг гардуулж, баяр хүргэж хэлсэн үгэндээ, эмч Д.Сэлэнгээгийн эзэмшсэн мэргэжлээрээ 20 гаруй жил амжилттай ажиллаж ирснийг сайшааж, мөнхүү Чех улсад аж төрдөг монголчууддаа эрүүл мэндийн болоод аж амьдралын зөвлөгөө өгч тус дэм болохын зэрэгцээ улс орныхоо ахуй соёл, өв уламжлалыг сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулж байдагт талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монголын тал Чехийн шилдэг их, дээд сургуулиудад оюутан залуусаа суралцуулахаар яриа хэлэлцээ эхлүүлснийг дурдаж, Д.Сэлэнгээ эмчийн ажил амьдралын замнал нь Монголын залууст үлгэр дуурайл, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна гэв.
Д.Сэлэнгэ нь 2001-2008 онд Чех улсын Карлын Их сургуульд суралцаж, эмч мэргэжил эзэмшсэн бөгөөд одоо Прага хотын Мотол эмнэлэгт Тасгийн эрхлэгч, Ахлах зэрэглэлийн эмчээр ажиллаж байна.