ЗӨВЛӨМЖ

2024-07-24


Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй болсонтой холбогдуулан нислэгээр зорчиж буй иргэдэд дараахь зөвлөмж, анхааруулгыг хүргэж байна.
 
  • Зорчихоосоо өмнө өөрийн гадаад паспорт, виз, оршин суух зөвшөөрлийн /карт/ хүчинтэй хугацааг нягтлан шалгаж бэлтгэлээ хангасан байх. Гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас бага хугацаа үлдсэн эсвэл хүчинтэй хугацаа нь дууссан, хаяж гээгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд ЭСЯ-нд хандаж, шинээр захиалах арга хэмжээ авах.
  • Виз, оршин суух зөвшөөрлийн /карт/ хүчинтэй хугацаа Монгол Улсаас буцаж ирэх хүртэлх хугацаанд хүчинтэй эсэхийг нягтлах. Богино хугацааны визийн хугацаа дууссан, хэтэрсэн тохиолдолд Чех улсын Гадаадын иргэний цагдаагийн газарт, оршин суух зөвшөөрлийн /карт/ хугацаа дууссан, хэтэрсэн тохиолдолд харьяа Чех улсын ДХЯ-ны ОАМП-д урьдчилан хандаж, сунгуулах.
  • Гадаад паспорт, оршин суух зөвшөөрөл /карт/, нислэгийн тийзээ биедээ авч явах. Насанд хүрээгүй хүүхэдтэй хамт яваа тохиолдолд хүүхдийн гадаад паспорт, оршин суух зөвшөөрлөөс гадна төрсний гэрчилгээ, итгэмжлэлийг давхар авч явах. Хүүхдийн эцэг, эх хоёулаа хамт яваагүй тохиолдолд итгэмжлэл хийлгэх шаардлагатай.
  • Бусдаас дайвар ачаа, бэлэн мөнгө, баримт бичиг авахаас татгалзах. Энэ нь таныг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ.
  • Өөрийн худалдан авсан нислэгийн тийзэд хамаарах килограмм хэмжээнд ачаагаа бэлдэж, жин, тоо хэмжээг хэтрүүлэхгүй байх. Хориотой эд зүйлсийг тээш болон гар ачаанд хийхгүй байх. Ачаа, тээшний үнэ төлбөр, жин хэмжээний талаарх мэдээллийг “Eznis Airways” компанийн доорх цахим хуудаснаас харна уу. https://www.eznis.com/index.php/ticket-type/#fare-condition
  • Онгоц хөөрөхөөс хамгийн багадаа 2 цагийн өмнө нисэх онгоцны буудалд ирж, бүртгэлдээ хамрагдах. Нисэх онгоцны буудлын ажилтнуудын заавар, зөвлөмжийг ягштал баримталж, биеэ зөв боловсон авч явах. Доорх цахим холбоосоор орж шалган нэвтрүүлэх цэгээр орохтой холбоотой зөвлөмж, мэдээлэлтэй танилцана уу. https://www.prg.aero/bezpecnostni-kontrola
  • Бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх. Бичиг баримт, цүнх, ачаагаа мартаж, гээгдүүлэхээс сэргийлж, сонор сэрэмжтэй явах. Бага насны хүүхэдтэй яваа зорчигчид дараахь холбоосоор орж зөвлөмж, мэдээлэлтэй танилцана уу. https://www.prg.aero/cestovani-s-detmi
  • Вацлав Хавел” олон улсын нисэх онгоцны буудалд зорчигч угтах, үдэх зорилгоор түр хугацаанд тээврийн хэрэгслээ авто машины зогсоолд тавьсан иргэд зогсоолын тасалбарыг хаяж, гээгдүүлэхээс сэргийлэх. Нисэх онгоцны буудлын гаднах ил зогсоол нь 24 цагийн хугацаанд 1 удаа 10 минутын хугацаанд үнэ төлбөргүй байдаг бөгөөд хэтэрсэн тохиолдолд төлбөрийн хувьд харьцангуй өндөр байдаг тул тодорхой хугацаанд саатах шаардлагатай иргэд тээврийн хэрэгслээ “Pc Comfort” зогсоолд тавих боломжтой. Нисэх онгоцны буудлын зогсоолуудын төлбөрийн мэдээллийг доорх цахим хуудаснаас авна уу.  https://www.aeroparking.cz/cenik
  • Өөрийн худалдан авсан нислэгийн тийз баталгаажсан эсэхийг тийз борлуулсан байгууллагаас дахин лавлаж, өөрийн мэдээллийг шалгаж, баталгаажуулах.