АГААРЫН ТЭЭВРЭЭР ЗОРЧИГЧДОД

2024-07-18


АГААРЫН ТЭЭВРЭЭР ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨМЖ
 
Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй болсонтой холбогдуулан Чех улсын хилээр орж, гарахдаа нэвтрүүлж болох зөвшөөрөгдсөн бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна.
 
Зорчигчийн эд хөрөнгө, бараа, бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж, улсын хилээр нэвтрүүлэх дээд хэмжээ:
  • 15 наснаас дээш насны зорчигчийн хувийн болон бэлгийн зориулалтын 430 евро хүртэлх үнэ бүхий зүйлсийг,
  • 15 наснаас доош насны зорчигчийн хувийн болон бэлгийн зориулалтын 200 евро хүртэлх үнэ бүхий зүйлсийг,
  • Аялал, зугаалга болон спортын уралдаан, тэмцээнд оролцох зорилгоор зорчиж буй зорчигчийн хувийн болон бэлгийн зориулалтын 300 евро хүртэлх үнэ бүхий зүйлс.
Согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж, улсын хилээр нэвтрүүлэх дээд хэмжээ:
  • 22 хувиас дээш хэмжээний хатуулагтай этилийн спирт агуулсан 1 литр хүртэлх согтууруулах ундаа эсвэл
  • 22 хувиас доош хэмжээний хатуулагтай этилийн спирт агуулсан 2 литр хүртэлх согтууруулах ундаа эсвэл
  • 4 литр хүртэлх оргилуун дарс эсвэл
  • 16 литр хүртэлх шар айраг.
Тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж, улсын хилээр нэвтрүүлэх дээд хэмжээ:
  • 200 ширхэг янжуур тамхи эсвэл
  • 50 ширхэг навчин тамхи эсвэл
  • 100 ширхэг навчин тамхи /ширхэг тус бүрийн жин нь 3 граммаас хэтрэхгүй/ эсвэл
  • 250 грамм дүнсэн тамхи эсвэл
  • 100 грамм халаадаг тамхи эсвэл
  • 20 мл электрон тамхины цэнэглэгч/нөөц эсвэл
  • 100 грамм амны тамхи
Бэлэн мөнгө болон санхүүгийн бусад хэрэгсэл:
Гуравдагч улсаас Европын Холбооны улсууд руу зорчиж буй зорчигч 10,000 евро болон түүнээс дээш хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют, үнэт металл /алт, мөнгө, зоос г.м/, мөнгө болгон хөрвүүлэх боломжтой санхүүгийн хэрэгслүүд /чек, үнэт цаас г.м/ авч яваа тохиолдолд энэ тухайгаа гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэх үүрэгтэй. Мэдүүлээгүй тохиолдолд 10 сая хүртэл чех кроноор торгож, мэдүүлээгүй хөрөнгийг хураан авах шийтгэлийг оногдуулах боломжтойг анхаарна уу.
 
Эм, бэлдмэл:
Чех улс болон Европын Холбоонд зорчих хугацаандаа тохирсон хэмжээний өөрийн хувийн хэрэгцээний шаардлагатай эм, бэлдмэлийг авч явах боломжтой бөгөөд тэдгээр эм, бэлдмэл нь зориулалтын баглаа, сав, боодолтой холбогдох жор, мэдээллийг харах боломжтой байх ёстой. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хориглоно.
 
Мал амьтан, тэжээвэр амьтад:  
Чех улсын болон Европын Холбооны холбогдох хууль журмын дагуу мал амьтдыг /гэрийн тэжээвэр амьтан/ улсын хилээр нэвтрүүлэхэд мэргэжлийн мал, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, гэрийн тэжээвэр амьтны үнэмлэх, вакцины гэрчилгээ зайлшгүй шаардлагатай.
 
Малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн:
Малын гаралтай бүтээгдэхүүний хувьд Чех улсын Мал, эмнэлгийн байгууллагын зөвшөөрлийг авч холбогдох татвар, хураамжийг төлсний дараа нэвтрүүлэх боломжтой. Харин ургамлын гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх ямар ч тохиолдолд эрүүл ахуйн шалгалтын дараа нэвтрүүлэх бөгөөд Европын Холбооны (EU) 2019/2072 дугаартай журмаар зохицуулагддаг.
 
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг Чех улсын Гаалийн албаны цахим хуудаснаас авах боломжтой.