МОНГОЛ, ЧЕХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ОРЧИН – 2023 ОНД
2023-12-20
Монгол, Чехийн хамтын ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр 2023 онд дараахь баримт бичгүүдийг байгуулав.
1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Я.Вытопил нар 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Удирдлагын тохиролцоонд гарын үсэг зурав.
2. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Я.Миллер нар 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих тухай санамж бичиг”-т гарын үсэг зурав.
3. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Чех Улсын Үйлдвэр, худалдааны сайд Й.Сикела нар 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Уул уурхай, эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Үйлдвэр, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
4. Монгол, Чехийн Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 8 дугаар хуралдааны Протоколд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Чех улсын Үйлдвэр, худалдааны яамны Тэргүүн захирал М.Пиеха нар 2023 оны 10 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.
5. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл, Бүгд Найрамдах Чех Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Е.Зажималова нар 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав.
6. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл, Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний музейн захирал М.Лукеш нар 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
7. Монгол Улсын Их сургууль болон Чех улсын Карлын Их сургууль хоорондын санамж бичгийг шинэчлэн байгуулав.
8. Монгол Улсын Боловсролын зээлийн сан, Чех улсын Техникийн Их сургууль хооронд санамж бичиг байгуулав.
9. Монгол Улсын Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг, Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал М.Бобек нар 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
10. Элчин сайд Д.Гансүх, Бүгд Найрамдах Чех Улсын ГХЯ-ны Эрх зүй, консулын асуудал хариуцсан Тэргүүн захирал М.Смолек нар 1992 онд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Дипломат, албан паспорт бүхий иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Чех, Словакын Холбооны Улс хоорондын хэлэлцээр”-ийн албан паспорт эзэмшигч Монгол Улс, Чех улсын иргэдэд хамаарах нөхцөл, заалтыг сэргээх тухай ноот бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр харилцан солилцов.