МОНГОЛ, СЛОВАКИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА – 2023 ОНД

2023-12-20


МОНГОЛ, СЛОВАКИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА – 2023 ОНД: Онцлох үйл явдлын тойм: 
 
1. Элчин сайд Д.Гансүх 1 дүгээр сарын 26-нд Словак улс байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Словак улсын Ерөнхийлөгч З.Чапутовад уламжлав. Мөн Гадаад болон Европын асуудал эрхэлсэн сайд Р.Качертай уулзан дипломат харилцааны 30 жилийн ойн мэндийг дэвшүүлэв. 
 
 
2. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Словак улсаас Монгол Улсад суух Элчин сайд П.Лизак 3 дугаар сарын 29-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
 
 
3. Монгол, Словакийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Словак улсад суугаа Элчин сайд Д.Гансүх, Словак улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд П.Лизак нарын өгсөн ярилцлага “Mongolia Today” сэтгүүлийн тусгай дугаарт нийтлэгдэв.
 
 
4. Мөн ойг тохиолдуулан “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнг 9 дүгээр сарын 16-24-нд Словак улсын Кошице хотын Зүүн Словакийн музейд дэлгэн үзүүлэв.
 
 
 
5. Элчин сайд 9 дүгээр сарын 14-17-нд Словак улсын Кошице хотод ажиллаж, аймаг, хотын удирдлагатай уулзаж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов. 
 

6. Мөн Братиславын Эдийн засгийн Их сургуулийн Кошице дахь салбар сургуулиар зочилж, Монгол Улсын СЭЗИХ-тай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж буй солилцооны хөтөлбөрийн талаар ярилцав.   
 
 
7. Кошице дэх Монгол Улсын Өргөмжит Консулын газар, Словак Улсын Ерөнхийлөгч асан Рудольф Шустерийн нэрэмжит номын сангийн үйл ажиллагаатай танилцав. 
 
 
 
 
8. Хоёр орон НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллаж, сонгуульд харилцан дэмжлэг үзүүлэв.
 
9. Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол, Словак улс хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурахад бэлэн болов.
 
10. Словак-Монголын худалдааны Танхимаас хөдөө аж ахуйн чиглэлээр Монголд хэрэгжүүлэхээр ажиллаж буй төслийн монголын талын хөрөнгө оруулагчид 2 дугаар сард Братислав хотод ажиллав.     
 
11. Элчин сайд Словакт оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав. Монголчууддаа тусламж, дэмжлэг үзүүлж, словак, англи хэлний сургалт,  хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтыг Словак дахь НҮБ-ын ОУШХБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулахад идэвхтэй ажилласныг үнэлэн иргэн Р.Энхтуяаг Нийгмийн хамгааллын салбарын Тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнав.